Жилд 60 гаруй хүүхэд түлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-23 17:07:54

Таван настай бяцхан охин хэд хоногийн өмнө гэртээ байхдаа буцалж байсан тогоотой хоолон дээр унаж биеийнхээ тодорхой хэсгийг түлжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 10 дугаар цэцэрлэгт хүмүүждэг энэ охины эмчилгээнд зориулж  цэцэрлэгийн удирдлага санаачлан “Хандивын аян “ өрнүүлснээр нэг сая гаруй төгрөг цуглуулснаа охины ээжид өчигдөр гардуулан өглөө. Одоогоор охин Улаанбаатар хотноо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа гэнэ. Цэцэрлэгийн хамт олны сайхан сэтгэлийн дэм, хайраар охин маань удахгүй эдгэрч  найзууд дээрээ ирэх болно гэж охины ар гэрийнхэн баярласан сэтгэлээ цэцэрлэгийн хамт олонд илэрхийлж байв.

Дээрх мэдээтэй холбогдуулан Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ж.Энхчимэгтэй холбогдлоо.

-Түлэгдэл манай аймагт нэлээн өндөр байдаг. Жилд 60 гаруйгаар тоологдоно. Ихэвчлэн 8 сараас 3,4 насны хүүхдүүд түлэгдэх нь элбэг. Хүндэрч болзошгүй, том талбайтай, арьс нөхүүлэх шаардлагатайг нь бид хот руу явуулдаг. Хөнгөн зэргийн түлэгдлийг бид эндээ эмчилдэг. Их  төлөв халуун ус, цай, хоол татсанаас бага насны хүүхдүүд түлэгдэх нь элбэг байдаг учраас эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, эрүүл мэндийг нь сахин хамгаалах нь чухлыг тэрээр анхааруулж байсан.

                                                                                                                                              Б.Туяа

Холбоотой мэдээ