Нутгийн залуусаа хот руу зүглэхийг сааруулах зорилго тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-23 17:09:14

Өнгөрсөн жил шиг санагдаж байна. “Дорнод аймгийн Залуучуудын фэйсгрупп” бий болж олон ажлыг санаачлан зохион байгуулж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсныг. Тэд орон нутагтаа амьдарч байгаа залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой ч янз бүрийн  шинэлэг ажлыг зохион байгуулж, аль болох хот руу зүглэх залуусын урсгалыг сааруулах зорилготойг ярианаас нь анзаарлаа.

Энэ нэгдлийнхэн саяхны өдөр харааны бэрхшээлтэй нэгэн залуу гэр бүлийг  шинэ сууцтай болгосон тухай олж сонсов. Энэ тухай тус нэгдлийн гишүүн Э.Батболдоос тодруулбал:

-Нутгийнхаа хөгжлийн төлөө санаа сэтгэл нэгдэн байгуулагдсан  групп юм. Өнгөрөгч хугацаанд бид сайн дурын 20 шахам ажлыг аймагтаа санаачлан зохион байгуулсан.

Хойд сумдад гарсан түймрийн үеэр халуун сэтгэлийн аян өрнүүлсний зэрэгцээ “Монгол оймс, модон чихэр” нэртэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон захын гэр хорооллын цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд дулаан оймс, амтат чихэр бэлэглэх, Зүүн бүсийн асрамжийн төвийн байрыг засаж тохижуулах гэхчлэн томоохон ажлыг нэрлэж болно.  Бидний санаачилсан ажлыг олон аж ахуйн нэгж, хувь хүмүүс дэмжин ажиллаж ирсэн. Тухайлбал, “Тод сүндрэл”, “ЦОДМ” ХХК, аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчид, ТЕДИ гар утасны худалдааны хамт олон гээд олны дэм тусаар ажил бүтдэг тухай ярилаа.

Дорнодын Залуучуудын фэйсбүүк нэгдлийнхэн Хэрлэн голын дагуу бургас тарьж, ургуулан “Эко-100” дугуйн аяллын клуб ажиллуулах зэргээр байгальд ээлтэй ажлыг ч эхлүүлжээ.

                                                                                                                                    Б.Туяа

Холбоотой мэдээ