ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хугацааг сунгахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, ЖДҮ-ийн тухай хуулийн хэрэгжилт болон энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсов.
Хуралдаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Зээлийн батлан даалтын сангийн захирал Н.Батзогсох, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Н.Нарангэрэл нар оролцсон юм.
Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар танилцуулгад "Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгж байгаагаас 64301 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 84.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан эзэлж байгаа аж. Эдгээр жижиг, дунд үйлдвэрийн тоо 54237 бөгөөд энэ салбарын хөдөлмөр эрхлэлт 766911-д хүрээд байгаа нь нийт ажиллагсдын 69.3 хувийг эзэлж байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан зорилт 33 үйл ажиллагаа явуулсан талаар онцолжээ.
Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлд архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тогтоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрх хайх, ашиглах зэрэг дөрвөн төрлийн чиглэлийн үйл ажиллагааг хамруулдаггүй аж. Монгол Улсын хэмжээнд 2006-2016 оны есдүгээр сарын 01-ний байдлаар 745.45 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа юм байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн тухайд, ХБНГУ-ын барааны I-IV, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, БНХАУ-ын Хөдөө, аж ахуйн бага оврын трактор худалдан авах, Япон улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл, Азийн хөгжлийн банкны аж үйлдвэрийн хөтөлбөр, хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэх нийт 10 төсөл хэрэгжиж дууссан байна.
Харин өнөөдөр Азийн хөгжлийн банк, Япон улсаас хөдөө аж ахуй, ажлын байр бий болгох, экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, чиглэлээр дөрвөн төсөл хэрэгжиж байгаа аж. Мөн ирэх оноос Япон улсаас 12.0 тэрбум иенийн санхүүжилттэй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн гурав дахь шат, Дэлхийн банкнаас 20 сая ам долларын экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Танилцуулгын дараа салбарын төлөөлөл болон УИХ-ын гишүүд санал хэлж байв.
Үүний дараа 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх хугацаа 2016.12.31-ний өдөр дуусаж байгаатай холбогдуулан хугацааг сунгах талаар саналыг хэлэлцсэн юм. Уг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, уг ажлын төлөвлөгөөг батлах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь үзлээ.
Н.Туяа