ӨМНӨГОВЬ: Боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-02-13 08:55:10

Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн боловсролын газар, “Мэксим консалтинг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн боловсролын инновацын технологийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

 

Өмнөговь аймгийн Боловсролын газар нь "Мэксим консалтинг" ХХК-тай сүүлийн жилүүдэд элсэлтийн шалгалтад бэлтгэх цахим сорил, суралцагчдыг оношлох үнэлгээ, PISA унших чадварын судалгаа, цахим суурьтай анги нийтийн олимпиад, боловсролын технологийн өдөрлөгийн үйл ажиллагаа зэрэг олон үр дүнтэй ажлуудыг амжилттай хамтран хэрэгжүүлээд байна.

 

Мөн энэ удаагийн санамж бичиг нь боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд ухаалаг ангиудыг түшиглэн суралцагчдын сорил, даалгаврыг чиглэл бүрээр зохион байгуулж үр дүнгийн анализыг богино хугацаанд боловсруулах, багшийн ачааллыг бууруулах, үнэлгээний чанарыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд энэ хавар арванхоёрдугаар ангийг 1000 орчим сурагч төгсөх юм.

 

Холбоотой мэдээ