Энэ зуун бүх хүнээс хурд шаардаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-25 12:39:32

Ховд  аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч  ”Аж мандалт  Ховд” ХХК –ийн  захирал Баяраагийн Болорцэцэгтэй  ярилцлаа.

-Таныг  баруун хязгаарын хилчний гэр бүлд хилийн  заставт төрсөн гэж сонссон юм байна. Төрсөн нутгаас тань эхлэн яриагаа өрнүүлэх үү?  

-Би  Ховд  аймгийн Булган  сумын  нутаг  Гурван хүүхдийн  застав  хэмээх  газар  айлын ууган охин болж мэндэлсэн. Гурван хүүхдийн застав шигээ  3 хүүхэдтэй болохоор эцэг эх маань их  л билэгшээдэг. Төрсөн нутаг маань Монгол улсын баруун хязгаарт БНХАУ-тай хиллэдэг бөгөөд говь, хангай  хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Энэ  сайхан  нутагт Монгол улсынхаа ариун дагшин хил дээр төрсөндөө би үргэлж баярлаж, бахархадаг. 

-Та мэргэжлийнхээ дагуу хэдэн  жил ажиллаж байна вэ?

-Би  ОХУ-ын 1922 онд байгуулагдсан “Миль камбинат” үйлдвэрийн  менежер, Монгол дахь албан ёсны  төлөөлөгчөөр 2003-2007 оны хооронд  ажилласан. Түүнээс хойш бизнес  эрхлэх нь миний мэргэжил болж  өөрийн  хувийн ”Аж мандалт  Ховд” ХХК-г  үүсгэн байгуулсан. Манай компани тавилга, хүнс гэсэн хоёр  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Ургац муу  жилүүдэд  Монгол  улс гурил будаагаа гаднаас авч иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангадаг. Ингээд л  ОХУ-аас сайн  чанартай гурил импортоор оруулж ирдэг болсон. Ажил хөдөлмөрөөрөө өөрийгөө дуудуулж явдаг  хүмүүсийг  гайхдаг  байлаа. Гэтэл нэг л мэдэхэд би өөрөө баруун аймгууддаа “Гурилын Болороо” гэдэг  нэрээр  танигдах болсон доо.

-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг  вэ?

-Аливаа  ялалт  өөрийгөө  ялахаас  эхэлдэг. Өөрийгөө  болон өрөөл  бусдыг хохироохгүй алтан дунджийг  баримталж  ямар ч тохиолдолд  тэнцвэртэй, тэгш байдлыг эрхэмлэн эвийг  сахиж  ирсэн. “Чи юу  тарина, түүнийгээ л хурааж авна” гэдэг  шиг  бусдыг хүндэтгэж сэтгэлээсээ  хандвал  хүмүүс  бас л тэгж хариу барина. Тиймээс  би үргэлж бусдад  туслахыг хичээдэг. 

-Өнөөдрийн нийгэм маш хурдтай хөгжиж  байна, Та энэ хурдтай  зэрэгцэж ажлаа хэрхэн амжуулдаг  вэ?

-Энэ зуун  бүх  хүнээс  хурд  шаардаж  байна. Магадгүй өнөөдөр хэрэгтэй байсан зүйл маргааш хэрэггүй болж болно. Тиймээс цагийн юмыг цагт нь хийж  дуусгахыг зорьдог.  Үүний  тулд би орой унтахын өмнө маргааш заавал хийх ёстой  ажлаа бодож, төлөвлөдөг. Маргааш нь  яг л төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ингэснээр ажил бүтээмж өндөртэй, хурдан явагддаг.

-Та ингэхэд та яагаад  улс төрд орох болов?

-Би Сургуулиа төгсөөд 13-14  жил хувиараа ажилласан. Одоо  нас  залуу байна. Эрч  хүчтэй энэ залуу насандаа бусдын төлөө хийх,  сэтгэлээрээ бусдад туслах боломж надад  байна. Тиймээс  би иргэдийн санал, үзэл бодлыг дээшээ уламжлах  гүүр нь болохыг зорьж аймгийн  ИТХ-д Бичигт  багаас сонгогдон гарсан юм.

Улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд  төрийн бодлого, зохицуулалт  чухал  нөлөөтэй. Миний  улс төрд орсон шалтгаан бол эгэл жирийн иргэдийн  дуу хоолой, хүсэл зорилгын  биелэл байж, тэдний амьдралд  бодит өөрчлөлт, дэвшлийг  авч ирэхийг  хүссэн.  Ялангуяа  хүүхдийн боловсролд  хүн  бүр ач  холбогдол өгөөсэй. Иргэд өдөр  тутмын амьдралдаа  хэрэглэх бодит мэдлэг мэдээлэлтэй болоосой. Би  үүний  төлөө ажиллах  болно. Миний бие  Бичигт  багийн  төлөөлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш  чимээгүй алга болоогүй.  Иргэдтэйгээ уулзаж итгэл сэтгэл нэгдэн хамтран ажиллаж байна. 

-Төлөөлөгчийн хувьд  ард  иргэдээс  олон санал хүлээн авдаг  байх. Сонгогдоод удаагүй  ч иргэдтэйгээ хир ойр  ажиллаж байна вэ?

-Би  сөрөг  зүйлийг  эерэг  болгохыг хүсдэг. Иргэдээсээ авсан санал хүсэлтийн  дагуу Бичигт баг  дээр тулгамдаж  буй асуудлуудыг ирэх 12 сард  болох  2017 оны  Засаг  даргын  үйл ажиллагааны  хөтөлбөрт суулгах санал  боловсруулан  ажиллаж  байгаа.  Үүнээс  гадна Бичигт  баг дээр  гэр мэдээний  төвийг  сэргээж,  худаг, трансматер  зэрэг олон асуудлуудыг  шийдвэрлэхээр зорьж  явна. Энэ  бол  төрийн  зүгээс иргэдэд хийж  буй ажил юм.

Харин  Хувийн  зүгээс  11 сарын 26 –ны өдөр ахмадуудын баярыг  тэмдэглэж,  багийнхаа залуучуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.  Ахмад болон залуучуудын санал, сэтгэгдлийг сонсож, хоёр  үеийг  холбож  хамтран ажиллая  гэж  бодож  байна. 

-Аливаа ажилд хандах  залуусын хандлага, оролцоо ямар  байдаг вэ?

-Залуучууд  ямар нэгэн ажлыг хийхдээ амар хялбар аргаар бүтээх эрмэлзэлтэй байдаг.  Энэ нь маш буруу. Ямар ч ажлыг аргацааж болохгүй. Бүхнийг  сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгвэл  эх  орноо зарж,  худалдахгүйгээр  хүн бүр сайхан амьдрах, хөгжих  боломж байгаа.  Ажлын байр байхгүй гээд  тэнгэрээс юм унаж ирэхийг  хүлээж хэвтэх бус өөрөө ажлын байрыг, орлогын эх үүсвэрийг  бий болгож, хаа сайгүй байгаа боломжийг  ашиглаж  өөрийнхөө  ирээдүйг  өөрөө л бүтээх хэрэгтэй. Хүн мэдэхгүйгээс болж их  зүйлээ  алддаг. Тиймээс мэдлэгийн  хүрээгээ тэлэх хэрэгтэй.

-Таны бодлоор залуучууд цагаа үр дүнтэй ашиглахад юу туслах вэ?

-Ном  унших. Монголынхоо  түүх, соёл, уламжлалд суралцах хэрэгтэй. Мөн маш олон амжилтанд хүрсэн хүмүүсийн  туршлагыг судлах  хэрэгтэй. Залуу хүмүүс оюунаа мэдлэгээр цэнэглэж  байж  хөгжиж  дэвшинэ.

Тиймээс  би  энэ үеийн  манлайлал, үлгэр дууриалал болсон залуучуудыг  урьж  Ховдынхоо, Бичигт  багийнхаа  залуучуудад  лекцийг  нь шат  дараалалтай  уншуулъя гэсэн  төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр залуучууд  эхнээсээ л зөв  чиглэл,  зөв хүсэл эрмэлзэл, зөв зорилготой болно.

-Энэ сонирхолтой лекцээ  хэзээнээс эхлүүлэх вэ?

-Монголын манлай залуучуудын GCI  гээд  төв байдаг. Тэр төвийн залуучуудтай хамтарч ажиллахаар  ярилцаж  байгаа.  Хугацаа нь  хараахан товлогдоогүй байна.  Тэд шинжлэх  ухааны үндэслэлтэй  залуучуудын оюун  ухаанд  үнэтэй хөрөнгө оруулалт болохуйц лекц  уншина. Би тэгж л залуучуудыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь  туслах бодолтой явна даа..          

                                 А.Бямбасүрэн   

Холбоотой мэдээ