"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл 5 жилийн хугацаанд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-13 18:07:43

2013 онд Монгол-Германы Засгийн газрын хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж өнөөдөр эхлэлийн семинарыг зохион байгууллаа.

Уг төсөлд Германы Засгийн газраас 11.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байгаа бол манай улсын Засгийн газраас 6.65 тэрбумтөгрөгийн нэмэлт санхүүжилт хийх юм. Төсөл тусгай хамгаалалттай газрууд болон тэдгээрийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах, төслийн бэлтгэл хангах, Тусгай хамгаалалттай газруудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Үндэсний болон бүсийн түвшинд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх, Сургалт, бодлого, судалгааны хамтын ажиллагаа гэсэн 4 хэсгээс бүрдэнэ.

Төслийн зорилго нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэгдэх ба 2015-2020 оны хооронд гурван үе шаттай хэрэгжих аж. Энэхүү төсөл нь Санхүүгийн хамтын ажиллагааны төсөл гэдгээрээ өмнөх төсөл, хөтөлбөрүүдээс ихээхэн онцлогтой ба хамрах хүрээ, санхүүжилтийн хувьд ч тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд хамгийн том төсөл юм.

Төслийг амжилттай хэрэгжүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц, ажлын байрны нөхцлийг сайжруулах, ТХГН-ийг бүсчлэн хөгжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, сургалт судалгааны нэгдмэл байдлыг хангахад бодитой хөрөнгө оруулалт болсноор ТХГН-ийн менежментэд томоохон ахиц гарах гэнэ. Төслийн хэрэгжилтийн үр дүнгээс хамааран ХБНГУ-ын Засгийн газраас манай орны байгаль орчны салбарт Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид үзүүлэх тусламж, дэмжлэг ихээхэн хамаарах юм.

Б.Туул

Холбоотой мэдээ