П.Энхболдын нэрэмжит улсын XIV олимпиад математикийн шилдгүүдийг тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-12-05 16:44:31

Нэрт математикч П.Энхболдын нэрэмжит улсын XIV математикийн олимпиадыг Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургууль энэ сарын 3,4-нд зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

1997 оноос эхлэн хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж буй Монголын математикийн нэгэн том баяр болох уг улсын уралдаан нь залуу математикчид, оюуны өндөр чадавхтай, авьяаслаг багш, хүүхдүүдийг нээн илрүүлж, хөгжүүлэхэд чиглэгддэг.

Энэ жилийн уралдаанд хөдөө орон нутгаас нийт 10 аймгийн 182 сурагч ирж оролцсон бол нийслэлийн 82 сургуулийн 2597 сурагч, чөлөөт болон бага ангийн төрөлд 104 багш, математикч, нийт 2887 сурагч багш нар оролцжээ.

Нийт оролцогчдоос багийн дүнгээр тэргүүн байрт “Сант” сургууль, хоёрдугаар байрт “Соёмбо” бага сургууль, гуравдугаар байрт “Орчлон” сургууль шалгарлаа. "Чөлөөт ангилал"-д тэргүүн байрыг "Сант" сургуулийн багш Б.Пүрэв, МУИС-ийн оюутан Б.Эрдэнэбаяр, Э.Оргил-Эрдэнэ мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн бол "Бага ангийн багш" төрөлд "Төгс дэлгэрэх сургуулийн багш Н.Даваа, "Орчлон" сургуулийн багш О.Наранчимэг, "Хобби" сургуулийн багш Б.Эрдэнэбаяр нар шилдэг 3 байрыг эзэлжээ. Мөн "2-11 анги" төрөл тус бүрээр алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, шагнаж урамшуулсан юм. 

Нийслэлийн 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр энэ үеэр "П.Энхболдын нэрэмжит улсын уралдааныг төрөлх сургууль дээр нь явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл улам өргөжин тэлж, цар хүрээ, нэр хүндтэй, олон хүний хүсэн хүлээдэг уралдаан болоод байна. Олон олон математик сонирхогчид, багш, сурагчид хүсэн хүлээдэг уралдаан энэ удаад өмнөхөөсөө тоо, чанар, цар хүрээний хувьд илүү өргөн боллоо гэж бид дүгнэж байна. Энэхүү уралдааныг зохион байгуулахад гар бие оролцдог бүх зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдэд талархал дэвшүүлэе " гэсэн юм.  

Шагнал гардуулах ёслолд нэрт математикч П.Энхболдын ээж С.Чимэд, Монгол Улсын Ардын багш, МУГБ У.Маам, МУГБ Ц.Дашдорж, МУИС-ийн проектор, математикийн доктор, Монголын Математикийн Олимпиадын зохион байгуулах хорооны дарга Г. Баярмагнай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Чинбаатар, Нийслэлийн 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Нийслэлийн 53 дугаар сургуулийн захирал Б.Балган, Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Алтанцог зэрэг төлөөлөгч оролцов.

Энэ удаагийн олимпиадыг ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Монголын Математикийн олимпиадыг зохион байгуулах хороо, хамтран зохион байгуулж, “Гялс” ХХК, “Кашимер хаус” компанийн “Эвсэг” брэнд, “АПУ” компанийн “Маамуу” брэнд, “Бал хайрхан”, “Алиман сар” компаниуд ивээн тэтгэжээ.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ