Б.Пүрэвгончиг: Завхан сум цасгүй, хараар өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-08 10:03:34

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тус суманд өвөлжилт ямар болж байгаа талаар тодрууллаа.

Манай суманд өнгөрсөн зун сайхан зуншлага болсон. Энэ хэрээр намаржилт, өвөлжилт ч аятайхан болж байна. Одоогоор цасгүй, хараар байна. Саяхан Малчин, Хяргас, Наранбулаг сумын зарим малчид нүүж ирсэн. Увсын зүүн талын сумдад цас ихтэй, хүндхэн байгаа тул эдгээр сумаас малчид ирж байгаа нь бэлчээр хомсдох хүндрэл учруулж байна. Гэхдээ сумын өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангагдсан тул гайгүй байх. Цаг хүндэрвэл өвс татах ажлыг шийдвэрлэсэн. Төрийн ажил алба хэвийн, өр зээл авлагагүй, багуудын хурал болж дарга удирдлагаа сонгосон гээд ерөнхийдөө сумын ажил сайн байгаа.

Завхан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар зарим асуудлыг нэгдсэн хуралдаанаар оруулж шийдвэрлүүллээ. Тухайлбал, Айраг, Хяргас нуурын загасны нөөц тогтоолгох, зохистой ашиглааг бий болгох, Ханын хэцийн хүрэн тэмээг буураар сайжруулсан нутгийн омгийн тэмээн сүрэг бий болгох зэрэг асуудлыг дэмжүүллээ. Тэрчлэн Айраг, Хяргас нуурыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр боллоо. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн байгууллагуудын засвар үйлчилгээний асуудлыг тодорхой хэмжээгээр аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт суулгалаа.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ