Шинжлэх ухааны хөгжилд техникийн дэвшлийн гүйцэтгэх үүргийн талаар лекц уншина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБСШУСЯ, ШУА-иас хамтран зохион байгуулж буй “Эрдэмтдийн үг” цуврал лекцийн есдэх удаагийн зочин эрдэмтнээр МУИС-ийн Лазерын судалгааны лабораторийн эрхлэгч, доктор, профессор Ж.Даваасамбуу уригдлаа.
Тэрбээр “Шинжлэх ухааны хөгжилд техникийн дэвшлийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц унших юм.
Гэрлийн өндөр эрчимтэй үүсгүүрүүд болох синхротрон цацраг ба чөлөөт электроны лазерын өвөрмөц шинж чанарууд нь судлаачдад урьд өмнө хийгдэж байгаагүй судалгааны цоо шинэ боломжийг олгож байна. Синхротрон цацрагийн өндөр эрчим, спектрийн өргөн мужийг хамарч байгаа байдал, цацрагийн туйлшрал болон хэт богино импульс, чөлөөт электроны лазерын цацрагийн когерент шинж чанар болон бага талбайд фокуслах онцлог давуу талыг ашиглан эдгээр үүсгүүрийг физик, хими, биологи, материал судлал, хүрээлэн буй орчин, анагаах ухаан, археологи, палеонтологийн судалгаанд өргөн хэрэглэх болжээ.
Лекцийн үеэр дулааны нейтроны харимхай болон харимхай бус сарнил, синхротрон цацрагийн рентген цацрагийн мужийг ашиглан хийсэн өөрийн судалгааны зарим үр дүн болох гадны цахилгаан орны нөлөөгөөр кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийн механизм, бодис гэрлийн харилцан үйлчлэлээр явагдах фазын шилжилтийн кинетик болон динамикийн судалгааны үр дүнг танилцуулах, түүнчлэн нейтрон, синхротрон болон лазерын цацрагийг судалгааны бусад салбарт хэрэглэх боломжийн талаар мэдээлэл өгөх юм.
Ж.Болор