Гватемалд эрж хайх ажиллагааг зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-10-14 14:21:57

МЕХИКО. /TASS/. Гватемалын Санта-Катарина-Пинула мужид болсон хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүмүүсийг эрэх ажиллагааг зогсоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Энэ тухай Гватемалын байгалийн гамшгийн уршигтай тэмцэх асуудал хариуцсан Үндэсний зохицуулах хорооны дарга Алехадро Мальдонадо мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар гамшгийн газраас 280 хүний цогцсыг илрүүлсэн бөгөөд Камбрай-2 суурингийн 70 орчим оршин суугч сураггүй алга болсонд тооцогдож байна. Нурингийг зайлуулах ажил дууссаны дараа эрх баригчид байгалийн гамшигт өртсөн бүсийг “сэргээн босгох болон тогворжуулах ажлыг” хийнэ гэж Мальдонадо хэлжээ.

Гватемалын нийслэл хотоос 15 км зайтай газар оршдог Камбай-2 суурингийн томоохон хэсэг 10 дугаар сарын 2-нд шилжих шөнө байгалийн гамшигт өртөж сүйдсэн юм. Тус суурингийн 125 орчим байшин асар их хэмжээний шороо, чулуунд дарагджээ. Харин 90 орчим байшин сүйдээгүй боловч оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ