Нигерид 80 мянга орчим хүүхэд амиа алдах эрсдэлд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-14 12:47:27

ЛАГОС. /АР/. Нигерийн “Боко Харам” бүлэглэлийн довтолгооноос болж дэгдсэн хүмүүнлэгийн хямралыг зохицуулах талаар яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол ирэх онд Нигерийн зүүн хойд нутагт 400 мянга орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж, 80 мянга орчим хүүхэд амиа алдах эрсдэл бий болоод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан анхаарууллаа.

Энэ хямрал гамшгийн хэмжээнд хүрч магадгүй байна гэж тус сангийн гүйцэтгэх захирал Энтони Лейк мэдэгдсэн байна.

Долоон жилийн турш үргэлжилж байгаа хямралын улмаас 20 мянга гаруй хүн амь үрэгдэж, 2.6 сая иргэн дүрвээд байгаагийн дунд 400 мянга орчим хүүхэд байгаа юм. Тэд өлсгөлөнгийн аюулд нэрвэгджээ. Хэрвээ тэдэнд яаралтай тусламж үзүүлэхгүй бол таван хүүхэд тутмын нэг нь амиа алдана гэж Э.Лейк анхааруулан дурдлаа.

Түүнийи ярьснаар, Борно мужийн ихэнх хэсэгт нэвтрэх боломжгүй байгаа учир ямар ч хүмүүнлэгийн тусламж хүргэж чадахгүй байгаа аж. Эдгээр газарт байгаа хүүхдүүдийн хувь заяанд бид ихэд санаа зовж байна гэж тэрбээр хэллээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ