Чацарганы бүтээгдэхүүнээ Улаанбаатарт худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-15 17:04:53

 Хүйтний эрч чангарч байгаа энэ цаг үед хүний биеийн дархлааг дэмжигч бүтээгдэхүүн болох Увс нутгийн хөрсөнд ургасан чацарганы бүтээгдэхүүнээр “Увс хүнс” хувьцаат компани Улаанбаатарчуудад үйлчилж байна.

Увсын брэнд чацарганы бүтээгдэхүүний худалдаа зөвхөн “Номин” сүлжээ дэлгүүрүүдээр энэ сарын 8-21-нийг дуустал 14 хоног онцгой хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа аж.

“Нийслэлчүүдийг шинэ оноо эрүүл, органик хүнстэй угтахад нь тус дэм болох үүднээс манай компани 1500 км-ээс чацарганы цэвэр тос, шүүс тээвэрлэж ирэн худалдаалж байна” хэмээн тус компанийн захирал Э.Баатарсан хэллээ.

 Монгол улсад 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнсийг органик буюу цэвэр байгалийн гаралтай хэмээн үзэж тусгай тэмдэг, тэмдэглэгээг 2017 оноос эхлэн олгох юм байна. Цэвэр байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын тусгай итгэмжлэгдсэн лабораторууд шинжлэн тогтоох ба хуурамчаар тэмдэг хэрэглэх тохиолдолд хатуу арга хэмжээ авдаг байна. “Увс хүнс” компани өөрийн нэрийн чацарганы бүтээгдэхүүндээ органик гэсэн тэмдэглэгээг хэрэглэдэг юм.

Б.Батхүү

Холбоотой мэдээ