Хүрээмарал сум хэтийн төлвөө байгалийн сэргээгдэх баялагтаа тулгуурлан төлөвлөж байна

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-12-16 22:59:37

Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд хайгуулын лицензтэй хоёр компани үйл ажиллагаа явуулж байна.

Хивигийн нуруу болон Салхитын нуруунд хайгуулын ажил тус тус хийж байгаа ч нутгийн иргэд уул уурхайн хайгуул болон олборлолт хийлгэх хүсэлгүй байгаа гэнэ. Хүрээмарал сум өнгөний болон гүний ус ховор. Гэтэл Салхитын хайгуулын бүс нутаг Хүрээмарал сумын хоёр багийн өвөлжилтийн бүс хамрагдаж байгаа нь бэлчээрийг хомсдуулах, уст цэгийг үгүй болгох сөрөг талтай гэж сумын удирдлагууд үзэж байгаа аж.

Мөн тус сум өөрийн хөгжлийн хэтийн төлвийг байгалийн сэргээгдэх баялагтаа тулгуурлан төлөвлөж байна. Тухайлбал, тус суманд байгалийн ашигт эрдсээр баялаг давс, хужирын орд байдаг. Үүнийг түшиглэж улсынхаа зах зээлд гаргах боломжтой стандартын сав баглаа бүхий давсыг үйлдвэрлэж ажлын байр, ашиг орлогоо нэмэгдүүлэх, байгалийн хүрмэн чулууг ч ашиглан барилгын материал үйлдвэрлэх боломж бүрэн бий гэж байна.

Түүнээс гадна зээргэнийн үйлдвэр байгуулах саналыг аж ахуйн нэгжүүдээс тавьсаныг үндэслэн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах газрыг шийдвэрлэж өгчээ. Энд тодорхой тооны ажлын байр бий болно гэж үзэж байгаа бөгөөд дээрээс нь тус сумын цагаан идээ, ааруул бусдаас гойд амттай байдаг тул үүнийг ч үйлдвэрлэлийн зарчмаар хөгжүүлэх боломжтой гэнэ.

Хэтдээ улсын босоо тэнхлэгийн авто замын сүлжээ Хүрээмарал сумаар дайрах учраас давс, зээргэнийн үйлдвэрлэлийг түшиглэсэн үйлчилгээний төв байгуулж, сумын нийгэм эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн итгэл тус сумынханд байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ