Бүх нийтээрээ цас цэвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом суманд өнөөдөр 14 цагаас бүх нийтийн цас цэвэрлэгээ эхэллээ.
Албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 м газрын цасыг цэвэрлэж байгаа бол ард иргэд амьдарч буй газрынхаа эргэн тойрны цасыг цэвэрлэж байна. Цаашид хүйтний эрч чангарч, цас их орох төлөвтэй байгаа тул Улаангомын гудамж талбайн цасыг цэвэрлэх, замын халтиргааг багасгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж. Иймд Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газраас замын уулзварууд, аюулгүйн тойрог дээр шороо, давс байнга цацаж байна.
Үүнээс гадна сарын өмнө эхлэсэн золбин нохой, муур устгалын ажил маргааш дуусах юм байна. Өнгөрсөн хугацаанд 450 гаруй нохой, 150-иад муур устгажээ.
Улаангом сумын нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг өглөө 7-8 цагт, харин орой 17 цаг 30 минутаас 24 цаг 30 минут хүртэл асч байна. Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан энэ сарын 28-аас ирэх сарын 2 хүртэл таван хоногийн хугацаанд оройн 17 цагаас шөнийн 3 цаг хүртэл Улаангомын гудамжны гэрлийг асаахаар болжээ.
Б.Батхүү