Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаныхан ажлаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-27 13:30:38

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны тайлангийн хурал өчигдөр боллоо. Тайлангийн хурлаар энэ оны ололт амжилтаа дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.

Энэ өдөр  ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан алба хаагчид Цагдаагийн ерөнхий газар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, НИТХ болон бусад байгууллагын нэрэмжит шагнал гардлаа. Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох, тус албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, Хамгаалалтын хоёрдугаар газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Наранбаатар, Хамгаалалтын гуравдугаар газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Гансүх болон бусад албаны хүмүүс оролцов. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын тоонд орсон гадаадын 18 орны элчин сайдын яам, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, 26 байгууллагын аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газрын болон орон нутаг дахь холбогдох газар, хэлтэс, тасгийн бүтцэд байгуудсан олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, хэсгийн бие бүрэлдэхүүний хүчээр зохион байгуулан ажиллаж байна. Мөн  “Цагаан нуур” чөлөөт бүсийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэрээт тасгийг байгуулж, тус бүсийг цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад хүлээн авсан. Засгийн газрын тогтоолоор Тахарын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан Хамгаалалтын нэгдүгээр газрын бүтцэд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс мөн төв, орон нутгийн цагдаагийн газрын бүтцэд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийг байгуулж мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна гэдгийг онцлов. Тус албаны алба хаагчид энэ онд АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт, УИХ, аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль, Үндэсний их баяр наадам зэрэг томоохон үйл ажиллагааны хамгаалалтыг өндөр түвшинд, амжилттай гүйцэтгэсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ