Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2017-01-09 18:13:31

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар  тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэхдээ, Хөгжлийн банкны асуудлаар эзэн биегүй ярихгүй. Гол баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргаж авсан. Анхаарал татаж буй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэнэ гэв.

Үүнд төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон 3.3 их наяд буюу нийт Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 54 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг ямар гэрээ хэлэлцээрээр захиран зарцуулсан гэдгийг баримтын хамт олон түмэнд хүргэнэ. Хоёрдугаарт, зээлийг аль нэг нам, эвсэл авсан гэж салгахгүй. Хөгжлийн банкнаас хуулийн дагуу зээл аваад төсөл хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байвал мөн л олон нийтэд ил тод болгоно" хэмээв.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Хөгжлийн банкнаас олгосон 6 их наяд төгрөгийг  2000 аж ахуйн нэгж, иргэнд зээлээр олгосон.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк 202 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Нийт зээлийн 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл нь 13.8 хувийг эзэлж байна. Ойрын гурван жилийн хугацаанд гаднаас авсан зээлийн эргэн төлөлтөд 3.7 их наядыг төлнө. 

Ингэхдээ эргээд зээл олгосон аж ахуйн нэгжүүдээс 2.2 их наядыг татан авах ёстой. Үүний зөрүүнд зээлийн эргэн төлөлтөөс 1.5 их наядын алдагдал үүсэхээр байна. Гэтэл улсын төсвөөс буюу төсвийн орлогоос эргэн төлөх ёстой зээлийн хуваариуд 1-4 удаа хойшилсон. 

Улсын төсвөөс эргэн төлөх нөхцлөөр 9 чиглэлд зээл олгосон. Тухайлбал, автозам, дэд бүтэц, төмөр зам гэх мэт 371 төсөлд 3.2 их наяд төгрөг зарцуулжээ. Улсын үйлдвэрийн газарт Шинэ төмөр зам, дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх “Амгалан” дулааны станц, “Эрдэнэс Тавантолгой”, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэх, Геологийн төв лабораторийн хүчин чадлыг нэмэх, ТОСК-ийн санхүүжилт, “Боинг 767” онгоц худалдан авахад зориулж зээл олгожээ. Үүний зэрэгцээ зээлийн хугацаа 1-4 удаа хойшилсон төслүүдэд дээрх улсын үйлдвэрийн төслүүд багтаж байгаа аж. Харин хувийн компаниудын төслөөс “Монполимет” компани Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн журмын дагуу төсөл боловсруулж, эргэн төлөлтийг хэвийн явуулж байгаа цөөн компаниудын нэг болохыг шалгалтын дүнгээс харж болохоор байна. Түүнчлэн зээлийн зарцуулалтын зөрчлийн байдлыг авч үзвэл хууль эрхзүйн байдлыг зөрчсөн, төсөвт өртгийг нэмсэн, хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд илэрчээ. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоов. 

Б.Туул

Холбоотой мэдээ