“БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” үзэсгэлэнтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2015-10-17 16:15:56

 УИХ-ын дарга З. Энхболд өнөөдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал асуулга явуулсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.

УИХ-ын дарга З.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан юм. Тухайн үед бүх нийтийн санал асуулгын санал хураалт явуулсан зарчим нь монголчуудын хувьд анхны ардчилсан сонголт байсан гэж бид үзэж байгаа юм. Үүнийг олон баримтаар нотолж болно. Хэдийгээр санал өгсөн нийт иргэдийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан хэдий ч анх удаа явагдсан бүх нийтийн салан асуулгад хүн бүр идэвхтэй оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, ардчилсан сонголтоо хийж чадсан ард түмнээрээ Монголын залуучууд, хойч үе бахархах учиртай. Тийм ч учраас бид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх учиртай гэлээ. Түүнчлэн энэ түүхэн өдрийг хэрхэн тэмдэглэх, бүх нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлыг судлах, дэлгэрүүлэхэд эрдэмтэн судлаачид их зүйл хийнэ гэдэгт итгэж байгаагаа тэмдэглээд хурлын ажиллагаанд амжилт хүсэв. Нээлтийн арга хэмжээний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зургууд, дурсгалт эд зүйлсийг дэлгэсэн “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо. 1945 онд Холбоотны гүрнүүд Ялтын бага хурлын үеэр БНМАУ-ын статусыг хөрш орон болох Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ. Харин тус улс 1945 оны 08 дугаар сарын 14-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг ирүүлжээ. Үүний дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид тогтоол гаргаж, тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахаар шийдсэн байна. Санал хураалтад 494.960 хүн оролцож, бүгд тусгаар тогтнолоо батлан зөвшөөрчээ. Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундад иргэн улсаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нот бичгийг хүлээн авсан байна. Энэхүү түүхэн үйл явдлын 70 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны академийн Түүх, Архелогийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний түүхийн музей, МАХН хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм байна.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Түүнчлэн Түүх, Архелогийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, ҮТА, МУИС, МУБИС, Улаабаатар их сургууль зэрэг судалгаа, сургалтын байгууллагын эрдэмтэн, судлаачид 1945 оны тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын түүхэн ач холбогдол, зохион байгуулалтын бэлтгэл ажил болон явцын талаар болон өдгөө архивт хадгалагдаж байгаа баримтуудад тулгуурласан илтгэлүүдийг танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ