Японы БХЯ холбооны хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-25 16:48:23

ТОКИО. /NHK/. Өөрийгөө хамгаалах хүчний албан хаагчид хоорондоо мэдээлэл солилцох боломжийг өргөжүүлэхийн тулд Япон улс холбооны хиймэл дагуул хөөргөлөө.

Хиймэл дагуул тээсэн “H2A” пуужинг мягмар гарагийн үдээс хойш 4:44 цагт баруун өмнөд нутаг дахь “Танэгашима” сансрын төвөөс хөөргөсөн байна. Үүнээс 30 орчим минутын дараа хиймэл дагуул тойрог замд оржээ.

Тус улсын БХЯ болон хиймэл дагуулыг зохион бүтээсэн “Mitsubishi Heavy Industries” компанийн аль аль нь “үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гэх шалтгаанаар пуужин хөөргөж буйг харуулсан дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэнгүй.

“Кирамэки” гэдэг уг хиймэл дагуул нь япончуудын хөөргөсөн ийм төрлийн анхны хиймэл дагуул ажээ. Тус яам ойрын жилүүдэд хоёр “Кирамэки” хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ