Кувейтийн хунтайжийг цаазаар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-01-26 10:30:29

КУВЕЙТ. /ВВС/. Кувейтэд 2013 оноос хойш анх удаагаа хоригдлуудыг цаазаар авчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, долоон ялтан, тэдний дотор хааны гэр бүлийн нэг гишүүн болох хунтайжийг төв шоронд дүүжлэн хороосон байна. Хунтайж Фейсал Абудалла Аль Жабер Аль-Сабах нь санаатайгаар хүний аминд хүрч, хууль бусаар буу зэвсэг эзэмшиж байсан ажээ.

Цаазаар авахуулсан бусад хүмүүс нь Филиппин, Египет, Этиоп болон Бангладешийн иргэд байжээ. Тэд хүний амийг хөнөөсөн, хүний амийг хөнөөхөөр завдсан, хүн хулгайлах болон хүчингийн зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд юм.

Аль-Сабах 2010 онд Кувейтийн өөр нэгэн хунтайжийг хөнөөжээ.

Персийн булангийн улс орнуудад хааны гэр бүлийн гишүүд, удмын хүмүүст ял оноож, цаазаар авсан тохиолдол үүнээс өмнө бараг гарч байгаагүй юм.

Энэ удаагийн хэрэг нь хууль хүн бүрт тэгш үйлчилдэг болохын нотолгоо боллоо гэж шинжээчид үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ