Зэрлэг ан амьтад уулнаас буух нь нэмэгдсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн 13 сум цагаан зудтай, өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор зэрлэг ан амьтдын идэш хоол ховордож уулнаас буух тохиолдол их гарч байгаа аж.
Одоогоор Малчин, Хяргас, Тариалан, Түргэн, Сагил, Баруунтуруун, Улаангом сумдад зэрлэг амьтдын өвөлжилт хүндрэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Малчин, Улаангом суманд аймгийн аюулгүйн нөөцөөс тус бүр 50 боодол өвс хүргэж тавьж биотехникийн арга хэмжээг авчээ. Улаангом сумын 8-р багийн нутаг дахь Дунд тэрмисийн овооны орчим өвөлжиж байгаа 54 янгир ямаанд 10 боодол өвс, 300 кг давс, хужир хүргэж тавьсан байна. Үүнээс гадна Улаангом сумын 2-р багийн нутаг Хархираа уулын урд бэлээр байрладаг зэрлэг ан амьтдад зориулж 20 гаруй боодол өвс, 200-300 кг давс хужир аваачиж тавьжээ.
“Малчид зэрлэг ан амьтдын бүс нутаг дотор малаа оторлож, өвсний голд ороод буучихдаг. Үүнээс болоод ан амьтад идээших бэлчээргүй болж байна. Уг нь бол малчдад хаагуур бол хаагуур нутаглах боломж байгаа юм. Хархираа уулын цаад бэлд өвөлжиж байгаа гурван айлд мэдэгдэл өгөөд байна” хэмээн Улаангом сумын байгаль орчны байцаагч хэллээ.
Одоогоор аймгийн хэмжээнд хэчнээн зэрлэг ан амьтан идэш хоолгүйдээд байгаа тухай нарийн судалгаа алга байна. Цаашид аймгийн Байгаль орчны газар болон Онцгой байдлын газраас зэрлэг ан амьтад өвөлжиж байгаа сумдад өвс тэжээл, хужир шүү хүргэх ажлыг сумдын ЗДТГ-тай хамтран зохион байгуулах аж.
Б.Батхүү