Шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-01 18:25:55

Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, улмаар нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга штабын дарга, хурандаа П.Баттогтох, МЭҮГ-ын дарга Д.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй шурхай ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

2017 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар Эрдэнэцагаан сумын гурван голомтонд 117 мал өвчилсөн. Мөн Асгат сумаас гурван голомтоос сэжиг бүхий дуудлага ирж, дээжийг МЭАЦТЛ-д хүргүүлээд байна. Эхний оношоор шүлхий өвчин байх магадлал өндөр гарсан байна. Тиймээс тус бүс нутагт мөн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Одоогоор Эрдэнэцагаан суманд өндөржүүлсэн байдал, Асгат, Сүхбаатар, Дарьганга, Баруун-Урт сумдыг өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллаж байна. Ариутгалын пост Эрдэнэцагаан суманд гурав, Асгат суманд нэг, Баруун-Урт суманд нэг,  нийт 5  ажиллаж байна. Аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн зүгээс хүн хүчээ дайчлан дээрх таван суманд вакцинжуулалт хийхээр болжээ.

Эрдэнэцагаан, Асгат суманд гарсан уг өвчнийг нэн даруй дарах олон улсын хамгийн шалгарсан гурван аргад өвчний шинж тэмдэгтэй бүх малыг устгахгүй байх гэсэн заалт байдаггүй. Иргэд ч түрүү жилүүдийн шүлхийн устгалын мөнгө өнөө хир нь орж ирээгүй байгаа учраас малаа устгуулахаас татгалзах тохиолдол гарч байна. Гэхдээ  өвчилсөн малыг даруй устгахаас өөр арга байхгүй. Ингээгүйн улмаас уг өвчний тархалт, улсын нийгэм, эдийн засагт ямар хохиролтойг ухаж ойлгохгүй байгаагаас өвчний голомт арилахгүй газар авч буйг хэлж байна. Тиймээс удаа дараалан гарч байгаа шүлхий өвчнөөр өвчилсөн бүх малыг нэн даруй устгах шаардлагтай байгаа тухай албан бичгийг ХХАА-н сайдад хүргүүлнэ гэдгийг Улсын МЭҮГ-ын  дарга П.Ганхуяг ярьж байна.

Сүхбаатар аймагт 2010 онд малын гоц халдварт шүлхий өвчин анхлан гарч, тухайн үед шаардлагатай арга хэмжээг авч чадаагүй, хариуцлагагүй хандсаны улмаас энэ өвчин улс орон даяар тархсан. 2014 онд мөн дахин зургаан сумын нутагт гарч гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймэс дахин ийм байдалд хүргэхгүйн тулд нэн даруй арга хэмжээ авч, төрийн албаны үүргээ ухамсарлаж чин сэтгэлээсээ ажилдаа хандаж, мөн малчид идэвхи оролцоогоо дээшлүүлж, хүчээ нэгтгэн хамтарч ажиллахыг Сүхбаатар аймагт ажилласан Улсын Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн ахлагч ОБЕГ-ын тэргүүн дэд дарга штабын дарга, хурандаа П. Баттогтох анхааруулав.

Гоц халдварт шүлхйи өвчний голомтод 2000 гаруй мал байгаа юм. Тиймээс Сүхбаатар аймагт удаа дараа гарч буй малын гоц халдварт өвчний голомтыг устгахад бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч төдийгүй малчид хариуцлагтай хандаж, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллахыг Улсын Онцгой комиссын зүгээс анхааруулж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ