Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын төсөл удахгүй эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-01 22:22:43

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг “Их булгийн хөндий”-д Эко технологийн хог хаягдлыг дахин боловсруулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж түгээх станцын барилга барих тусгай зөвшөөрлийг Эрчим Хүчний зохицуулах хорооноос “Сентех групп”-д олгожээ.

Одоогийн байдлаар тус станцын хөрөнгө оруулалт болох 15.0 сая ам.долларыг Германы талаас бүрэн шийдвэрлэгдээд байгаа ажээ. Төслийг хэрэгжүүлэхэд хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 1600 гаруй төслийг олон улсад хэрэгжүүлж туршлагажсан Герман улсын “Steinmuller babcock environment” компанитай хамтарч хэрэгжүүлэхээр болжээ.

Аймгийн Засаг даргын Дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хууль зүйн асуудал эрхэлсэн орлогч Т.Ганболд:-“Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл хэрэгжсэнээр Дархан хот орчмын агаар, ус хөрсний бохирдол буурч булж устгах хог хаягдлын хэмжээ 90 хүртэлх хувиар буурна. Мөн шинээр 40 гаруй ажлын байр бий болж төслийн өгөөжийн үр дүнгээс орон нутгийн төсөвт орлого орно. Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэснээр баялгаа хэмнэж ойролцоох гэр хороолол дулаан хангамжийн эх үүсвэртэй болж хүлэмжийн хий буурна гэж тооцож байна” гэв.

Тус төслийн барилга угсралтын ажлыг энэ оны зургадугаар сард эхлүүлж ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ