Чанаргүй зээл өсч, ашиг буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг дахь банкны салбаруудын чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, ашиг буурсан талаар Монголбанкны Орхон аймаг дахь салбар мэдээллээ.
Тус аймагт ХААН, ХАС, Капитал, Төрийн банк үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголбанкны салбар татан буугдснаас хойшхи 20 гаруй жил Орхон аймгийн салбарт харьяалагдах болсон юм.
Булган аймгийн банкны салбарууд нь 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт 94.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар буюу 6.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар буюу 439.1 сая төгрөгөөр буурсан бол чанаргүй зээлийн үлдэгдэл 3.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 86.7 хувиар буюу 1.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Банкны салбаруудын ашиг 10.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөгөөр буюу 8.8 хувиар буурсан байна.
Харин нийт хадгаламжийн үлдэгдэл 32.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.0 тэрбум төгрөгөөр, харилцахын үлдэгдэл 7.1 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
М.Батжаргал