"Муу робот"-ууд жилд 7 тэрбумын хохирол учруулдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-09 14:21:56

ВАШИНГТОН./futurism.com/. "Botnet" буюу "интернэтийн амьгүй албатууд" интернэтийг хяналтдааа авчээ. "Botnet" гэдэг нь "robot" болон "internet" гэсэн хоёр үгний дундаас үүссэн үг юм.

“Imperva Incapsula Bot Traffic Report” тайланд дурдсанаар, төрөл бүрийн роботууд интернет урсгалын талаас илүү хувийг үүсгэдэг байна. Эдгээр робот нь твиттерт улс төрийн жиргээ байршуулахаас эхлүүлээд таны фэйсбүүкийн ньюсфийдийг мэдээллээр дүүргэх гэхмэтчилэн интернэт орон зайд янз бүрийн үүрэг гүйцэтгэхээр програмчлагдсан систем юм.

Ийм роботуудыг дотор нь сайн ба муу гэж хоёр ангилна. Эдгээрийн ихэнх нь “муу робот” гэсэн тодотголтой бөгөөд хүмүүсийн хувийн мэдээллийг хулгайлах, зар сурталчилгааны орлогыг хулгайлах, цахим хуудсуудад хуурамч урсгалаар зохиомол ачаалал өгч халдах (DDoS халдлагууд) зэрэг зорилгоор тэдгээрийг бүтээдэг байна. Ийм муу роботуудын гайгаар бизнес эрхлэгчид жилд 7 тэрбум долларын хохирол амсдаг гэсэн тооцоо бий.

Хэдийгээр муу роботууд ихэнх хувийг эзэлж байгаа хэдий ч сайн роботууд олноороо бий болсоор байна. Сайн роботууд нь таны интернет орчин дахь үйл ажиллагааг хянан хурдасгах ажлыг хийхийн зэрэгцээ илүү өргөн хүрээнд хайлт хийхэд тусалдаг.

Муу роботуудын нөлөөг багасгахын тулд зар сурталчилгааны агентлагууд тодорхой арга хэмжээ авахаас гадна ийм роботуудын үйл ажиллагааг хязгаарлахад чиглэсэн хууль журмыг хүртэл батлах болжээ. Өнгөрсөн онд "Better Online Ticket Sales" хууль батлагдсанаар роботууд эрэлттэй арга хэмжээний тасалбарыг худалдан авч өндөр үнээр дамлан зарахыг хориглосон юм.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ