Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-10 15:06:16

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь банкны амжилттай, үр ашигтай ажиллах боломжийг бууруулж байгаа юм. Хөгжлийн банк нь улс төрөөс хэт хараат, мэргэшсэн боловсон хүчин дутмаг, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай, нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр санхүүжүүлсэн зэрэг алдаатай үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тиймээс дээрх алдааг засч, банкны үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьджээ.

Хуулийн төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын гишүүд болон ОУВС-гаас ирүүлсэн 13 зүйлд өөрчлөлт оруулах, зарчмын зөрүүтэй саналыг нэмэхээр тусгажээ. Тухайлбал, Хөгжлийн банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно, төсөл хөтөлбөр санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлэх болон ТУЗ-ийн гишүүнийг нэг удаа улируулан сонгож болох бөгөөд гишүүн сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашаагүй байх зэрэг заалтыг нэмэх санал ирүүлжээ. Уг саналыг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ