Г.Бердымухамедов 97,69 хувийн саналаар ялж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАШХАБАД./TASS/. Ардчилсан намаас нэр дэвшигч, Туркмен улсын одоогийн төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедов тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 97,69 хувийн саналаар тэргүүлж байна.
Энэ тухай урьдчилсан мэдээг даваа гарагт тус улсын Сонгуулийн төв хорооноос танилцууллаа.
Одоогийн байдлаар Бердымухамедовын төлөө 3,07 сая гаруй сонгогч саналаа өгчээ. Тус хорооны дарга Гулмурат Мырадовын хэлснээр, сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 3,22 сая иргэн бүртгүүлсэн байна. Мөн тэрбээр, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчдийн газруудаас Сонгуулийн төв хороонд мэдээ ирсээр байна гэв.
Мырадов цааш нь хэлэхдээ, Туркмений Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг хэд хэдэн олон улсын байгууллага болон АНУ, Хятад, Энэтхэг, Турк, Иран, Афганистан зэрэг улсуудын шинжээчид ажиглаж байна. Нийтдээ 154 гадаадын ажиглагч ирснээс гадна дотоодын 3 мянга гаруй ажиглагчид санал хураалтын явцыг ажиглаж байгаа ажээ.
Гурбангулы Бердымухамедовын намтар
Гурбангулы Бердымухамедов 1957 оны 6 дугаар сарын 29-нд Ахалск мужийн Геоктепин районы Бабарал тосгонд төржээ. Тэрбээр 1979 онд Туркмен улсын анагаах ухааны дээд сургуулийг төгсч, улмаар 1979-1997 онуудад тус улсын эрүүлийг хамгаалах, эмийн үйлдвэрлэлийн салбарт янз бүрийн албан тушаал хашиж байжээ. Анагаах ухааны доктор, эдийн засгийн ухааны доктор цолтой.
1997 оны 12 дугаар сард Туркмений Эрүүлийг хамгаалах, эмийн үйлдвэрлэлийн яамны сайдаар томилогджээ. Дараа нь Ашхабад хотын Олон улсын эрүүл мэндийн төвийн ерөнхий захирлын албан тушаалыг Туркмений анагаах ухааны улсын их сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалтай хавсран гүйцэтгэж байв.
2001 оны 4 дүгээр сард Туркмен улсын Сайд нарын танхимын даргын албан тушаалд томилогдсон байна. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тус улсын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Туркмен улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг түр гүйцэтгэж байжээ.
2007 оны 2 дугаар сарын 11-нд болсон сонгуулиар Туркмений Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2012 оны 2 дугаар сарын 12-нд энэхүү албан тушаалд 8 нэр дэвшигчдээс дахин сонгогдсон байна. 2011 оны 10 дугаар сарын 25-нд Гурбангулы Бердымухамедовыг Туркменистаны Баатар цолоор шагнажээ. Тэрбээр гадаадын хэд хэдэн их сургууль, академийн хүндэт доктор юм.
О.Барс