Дундговийн Эрдэнэдалай суманд торомны ноосон хөнжил үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-18 09:19:28

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд үйлдвэрлэв гэдэг шошготой торомны ноосон хөнжил хүмүүсийн худалдан авах дуртай бүтээгдэхүүн болжээ. “Кашмер Далай” цехийн эзэн Ш. Бөндөгхорол хэлэхдээ, “Торомны ноосон хөнжлийг тансаг хэрэглээ гэж би боддог. Зөөлөн, дулаахан. Гадаа салхинд дэлгээд тавихад улам л хөвсгөр болдог.Өд шиг хөнгөн.Их таатай. Иймээс би тансаг хэрэглээ гэж хэлэх дуртай” гэв.

Тус цех арваад жилийн өмнө хонь, тэмээний ноосон утсаар сүлжмэл хувцас урлаж үйлдвэрлэлээ эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилд торомны ноосон хөнжил оёж, өөрийн аймаг болон Улаанбаатарын зах зээлд борлуулж байна.

“Торомны ноосыг орон нутгийн малчдаасаа худалдаж авдаг. Манай сум тэмээ цөөнтэй, дээр нь торомны ноосыг ялгаж авдаг учраас 100 гаруй кг- ийг л жилдээ бэлдэж чаддаг. Харин хөнжлийн захиалга нэмэгдэж байгаа учраас бид түүхий эдийг өөр бусад сумын тэмээчдээс авдаг болохоор төлөвлөж байна” гэж цехийн эзэн сонирхуулсан юм. Тэрээр цехдээ 5 хүнийг ажлын байраар хангасны хоёр нь ноосон хөнжил оёдог. Торомны ноосон хөнжил 150 мянган төгрөгөөр худалдаалагддаг ажээ.

“Бид тэмээний ноосоо үйлдвэрт өгч боловсруулаад хөнжил оёход дөрвүүлээ зүтгээд сард долоохон хөнжил гаргаж  байсан юм. Тэгэхээр нь Японы Жайка төслөөс “Байгальд ээлтэй технологиор тэмээний ноосыг ахуй орчинд нь боловсруулах нь” хэмээх сургалт авч, суралцаад ирэхэд бүтээгдэхүүний гарц эрс сайжирсан.Одоо бид ноосыг өөрсдөө боловсруулаад оёдолчин тус бүр өдөрт нэг хөнжил бэлэн болгодог. Манай хөнжил чанар үнэхээр сайн. Солонгос улсад үйлдвэрлэсэн сайн чанарын даавуугаар хөнжлийн өнгө дотрыг хийдэг” гэлээ.

Хөнжил гоёмсог уут савлагаатай. Хэрхэн арчилж цэвэрлэх тухай зааварчилгаатай. Томоохон үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй эн зэрэгцэхээр ажээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ