Б.Чойжилсүрэн: ОУВС-гийн хөтөлбөрт хамарснаар эдийн засаг 2019 онд  8.1 хувийн өсөлт үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-19 15:26:58

Монгол Улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрахаар болсон. Тус хөтөлбөрийн хүрээнд манай улс ямар тохиргоо хийхээр болсон тухайд Сангийн сайд Б.Чойжилсүрэн ярив.

Тэрбээр, "Өнөөдөр манай улсад төсвийн болон төлбөрийн тэнцлийн гэсэн хосолсон хүндрэл үүссэн учраас энэхүү хөтөлбөрийг сонгосон юм. Монгол Улс нийт 5,5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг донор орнуудаас авна. Хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт төсвийн бодлогыг авч хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт мөнгөний бодлого дээр цогц арга хэмжээ авна. Гуравдугаарт Монголбанкинд тухайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо.

Тус хөтөлбөр нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлцэгдэж байж баталгаажина. Үүний өмнө бид эхний ээлжинд төсөвт тодотгол хийнэ.

Хоёрдугаарт Монголбанк ипотекийн хөтөлбөр рүү шинэ санхүүжилт хийхгүй. Гуравдугаарт Монголбанк төсвөөс гадуурх төсвийн чанартай санхүүжилтийг хийхгүй байх гэсэн үндсэн гурван бодлого дээр байр суурь нэгдсэн.

Хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 онд эдийн засгийн өсөлт -0.0 хувиар, 2018 онд 1.8 хувиар, 2019 онд 8.1 хувиар өснө гэж тооцсон. Мөн хэрэглээний индекс, гадаад худалдааны тэнцэл, экспорт, импортыг шат дараатай нэмэгдүүлэхээр тооцлоо. Харин валютын нөөцийг 2017 оны төгсгөл гэхэд  1.6 тэрбум, 2018 онд 2.7 тэрбум, 2019 онд 3.5 тэрбум, 2020 онд  3.8 тэрбумд хүргэж нэмэгдүүлсэн байх болно" хэмээн мэдээлсэн юм. Түүнчлэн төсвийн орлого, зарлага болон концессын тал дээр ямар зохицуулалт хийхээр болсныг хүргэж байна.

Төсвийн орлого бүрдүүлэх хүрээнд олон тооны татвар нэмнэ

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд доорх 8 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1.Шатахууны онцгой албан татварыг манай улс өмнө нь хоёр удаа бууруулаад байсан. Энэхүү бууралтыг 2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлэх,

2. Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх,

3. Одоогийн нөхцөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан 10 хувийг нь төлдөг байсныг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх,

4. Суудлын жижиг автомашины насжилтаас хамаараад 3-15 хувиар, мөн цлиндрын багтаамж 4500 1см3 –ээс илүү бол  /насжилт/ 40-250 хувиар татвар нэмэгдүүлэх,

5. Архи, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлэх,

6. Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 нэгдүгээр сарын нэгнээс татвар ноогдуулах байсныг  наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулах,

7. Одоо 5 хувьтай байгаа импортын тамхинд ноогдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөх

8. Татварын орлогын удирдлагыг сайжруулах аж.

Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй

Зардлыг бууруулах чиглэлд:

1.Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн тендерээр явуулж, өртөгийг 10 хувиар бууруулах,

2.Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тодруулбал 2026 оноос эрэгтэй 65 нас, 2036 оноос эмэгтэй 65 насанд тэтгэвэрт гардаг болох,

3. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй

4. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох /одоогийн түвшинд 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог байсныг  40 хувь болгон багасгана. Гэхдээ бууралттай холбоотой үлдэж байгаа мөнгийг хоолны талон хэлбэрээр олгох,

5. Нийгмийн халамжийг давхцуулахгүй байх

6. 50 тэрбум төгрөг шаардагдаж байсан Цэргийн албан хаагчийн эрхзүйн  байдлыг хангах хуулийг хүчингүйд тооцох. Өөрөөр хэлбэл тус хуулинд цэргийн албан хаагчдад төрөөс орон сууцаар хангах эсвэл орон сууцны түрээсийг төрөөс хариуцна гэснийг хүчингүй болгох юм.

                            Төсөв хэлэлцэх үед УИХ зардал нэмэхгүй

Концессын тухайд:

1. Одоо байгуулсан концессын гэрээнд хөндлөнгийн аудит оруулж, дараа онд нөхөн төлбөр олгох

2. Төсөв хэлэлцэх үед УИХ зардлыг нэмэгдүүлэхгүй. Хэрэв зардал нэмэгдүүлэх болвол өөр нэг зардлыг хасах бөгөөд төсвийн зөвлөлийг байгуулах гэсэн чиглэлүүд дээр тогтжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ