Ахмадын футзалын улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-20 13:07:36

Улаанбаатар./МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт Ахмадын футзалын УАШТ долоон хоногийн турш амжилттай болж ням гарагт шилгүүдээ тодруулав.

Тэмцээн 37-42, 43-48, 49-54, 55-59, 60-аас дээш гэсэн таван насны ангиллаар нийт 53 багийн 530 гаруй ахмад хөлбөмбөгчид ур чадвараа сорилоо. Алтан үеийн хөлбөмбөгчдийн аваргууд Монгол Улсын шигшээ баг ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноо авсан түүхэн өдөртэй давхацсан юм.

Шигшээ шатны хамгийн сонирхолтой тоглолт 37-42 насны аваргын төлөө хүч үзсэн “Замчин”, “MSM” багуудын хооронд өрнөлөө. “MSM” алтан медалийн үнэтэй хожлыг авахын тулд хоёрхон минут 4:3 гэсэн үр дүнгээ хадгалах шаардлагатай байв. Гэвч үндсэн цаг дуусахаас дөрөвхөн секундын өмнө “Замчин” багийн хаалгач П.Мөнхбат тооны харьцааг 4:4 болгон тэнцүүлэв. Улмаар П.Мөнхбат торгуулийн цохилтоос ялагч шийдвэрлэх үед нэгэн чухал хаалтыг хийж, баг нь 3:2-оор ялалт байгуулж чадсан юм.

Тэмцээний дүнг танилцуулахад, 37-42 нас: Замчин /алт/, MSM /мөнгө/, Гоёо /хүрэл/, 43-48 нас: Оюутан /алт/, Спорт Сургалтын Төв /мөнгө/, Отгонтэнгэр /хүрэл/, 49-54 нас: Оюутан /алт/, Эрчим /мөнгө/, Замчин /хүрэл/, 55-59 нас: Соёмбын барсууд /алт/, Монголын тэмүүлэл /мөнгө/, Замчин /хүрэл/, 60-аас дээш: Багануур-Эрдэнэт /алт/, Соёмбын барсууд /мөнгө/, ТЭЦ-4 /хүрэл/ багууд тус тус шалгарлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ