ОХУ-д 30 хоногоос дээш хугацаатай зорчих бол зохих ангиллын виз авахыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас түр хугацаагаар зорчих Монголын иргэдэд дараах сануулгыг хүргэж байна. Тус улсад бизнесийн, хувийн, боловсролын чиглэлээр зорчих монголчуудын тоо эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар ОХУ-ын 70 гаруй хотод 4000 орчим монгол оюутан суралцдаг бол жилд дунджаар 180 мянган иргэн тус улсад зорчдог байна.
2014 оноос хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог болсон.
Тэгвэл нэг сараас дээш хугацаагаар ОХУ-д зорчих иргэд зохих ангиллын визийг урьдчилан авах, гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас доошгүй байгаа эсэхээ шалгах, ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг /миграционная карта/ буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн ОХУ-д зорчих хугацаанд 7 хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст биечлэн бүртгэл хийлгэх, Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын "consul.mn" цахим хуудсаар нэвтэрч гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх, мөн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж бусдын үл мэдэгдэх ачаа барааг тээвэрлэхгүй байхыг нийт иргэдэд санууллаа.
Дашрамд дуулгахад, зараар дамжуулан Европын оронд зорчих хуурамч бичиг баримт, визээр ОХУ-ын хил дамжин гарах оролдлого хийснээс тус улсын Эрүүгийн хуулийн дагуу саатуулагдан ял шийтгэл авах тохиолдол бүртгэгдэж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
Москва хот. Л.Нандиа