Төр нийгмийн зүтгэлтэн Д.Содном, Д.Мөнхөө нарыг төр үнэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-02-23 11:00:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч Думаагийн Содном,  Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Доржийн Мөнхөө нарыг  Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.

Монгол Улсын "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдэг нь Төрийн албаны төв байгууллагаас төрийн албан хаагчдыг шагнадаг шагнал юм. Энэхүү шагналыг төр, нийгэмд онцгой гавьяатай цөөн хүнд, өндөр шалгуур үзүүлэлтийг үндэслэж олгодог. 

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном  нь 1950 оноос эхлэн төр, улсад ажилласан нэгэн жарны хугацаанд  Сангийн яаманд байцаагч, төсвийн нягтлан бодогч, эдийн засагч, Валютын хэлтсийн дарга, Сангийн сайд, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга,  Сайд нарын Зөвлөлийн даргын алба хашиж, төрийн жирийн  албан хаагчаас  Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл дэвшин ажилласан билээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөө ажил хөдөлмөрийн гараагаа 1966 онд Сэлэнгэ аймгаас эхэлжээ. Тэрээр хагас зууны хугацаанд ажиллахдаа Сэлэнгэ аймагт их эмч, аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга, Яамны орлогч сайд, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны даргын албыг хашиж, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцсан төрийн түшээдийн нэг билээ. Д.Мөнхөө эдүгээ эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нийгмийн зүтгэлтэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ