“Judo For Tomorrow” хөтөлбөрийн сургалт Сэлэнгэ аймагт явагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-23 11:45:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад хэргийн яам, Жүдо бөхийн холбоо, Япон Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Judo For Tomorrow” хөтөлбөрийн сургалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт боллоо.

Жудо бөхийн техникийг анхан шатанд нь зөв суулгах, барилдаан болон ур чадварыг сайжруулахад гол зорилгоо чиглүүлсэн тус сургалтыг Япон Улсын Токай их сургуулийн тамирчин Накаяма, Тэйкё их сургуулийн тамирчин Цүкинами нар, МЖБХ-ны сургалт хариуцсан багш Г.Бат-Эрдэнэ нар хамтран хөтлөн явуулсан байна. Сургалтанд Сэлэнгэ аймгийн төвийн болон 17 сумдын биеийн тамирын багш нар, жудо сонирхогч хүүхдүүд оролцжээ.

Хамтарсан сургалтаар багш нар болон, жүдo бөхөөр идэвхтэй хичээллэж буй хүүхэд залууст жүдо бөхийн үндэс болох, зөв уналт, мэх, техникийг заасан байна.

Дашрамд дуулгахад шинэ оны босгон дээр Сэлэнгэ аймаг өөрийн гэсэн жудо бөхийн аймгийн холбоотой болж, тэргүүнээр нь "Шинэ Бадрах" ХХК-ийн захирал Д.Бадрах сонгогдсон байгаа. Тэрээр санаачлан аймагтаа жудогийн спортыг хөгжүүлэх зорилгоор "Шинэ Бадрах" жудо бөхийн дэвжээг байгуулсан юм. Энэ ч утгаараа ирээдүйн жудогийн тамирчдаа бэлтгэх үүднээс дээрх сургалтыг аймагтаа урьж авчирчээ. Өнөөдрийн байдлаар жудо сонирхогч, эл спортоор хичээллэж байгаа 30-аад хүүхэд байдаг байна.

Дээрх сургалтыг аймгийн БСУГ, "Шинэ Бадрах" дэвжээ хамтран зохион байгуулжээ.     

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ