Л.Месси С гепатиттай тэмцэхээр Египетэд ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bars@montsame.mn
2017-02-23 17:24:54

КАИР./TASS/. Испанийн “Барселона” клуб болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси С гепатиттай тэмцэх кампанит ажил, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг дэмжихээр Египетэд хүрэлцэн иржээ.

Түүний энэ аялал нь С гепатитыг эмчлэх тал дээр Египет улсын олсон амжилтад дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой ажээ.

Аялахын зэрэгцээ өөрийгөө эмчил

PR ажилллагааг зохион байгуулагчаар Египетийн эмийн томоохон компани ажиллаж байгаа бөгөөд уг ажилллагааг Месси дэмжин “амьд реклам” болон оролцохыг зөвшөөрчээ. Египетийн тал Мессиг өнгөрсөн онд ирээч гэж урьсан боловч Мессигийн аялал хоёр ч удаа хойшлогджээ. Эхний удаад нь Каир хотын сүмд 12 дугаар сард террорист ажиллагаа  болсон, удаад нь аваргуудын лигийн тэмцээнд “Барселона” ялагдсанаас болж аялалаа хойшлуулахад хүрчээ. Харин энэ удаад Мессигийн аялал төлөвлөсний дагуу болж “Tour&Care” /Аял, өөрийгөө эмчил/ гэдэг нэртэй кампанит ажил албан ёсоор эхэллээ. Мессигээс гадна уг ажилд Италийн "Ювентус" клуб болон Бразилын шигшээ багийн хамгаалагч Даниэль Алвес оролцож байна.

Египетийн эмчилгээний аялал жуулчлалын хөтөлбөр нь Египетийн Аялал жуулчлалын болон Эрүүлийг мэндийн яамдын хамтарсан хүч чармайлтаар хэрэгжиж байгаа юм. Энэ хөтөлбөр нь С гепатитын вирусыг эмчлэхийг хүссэн гадаадын иргэдийг боломжийн үнээр Египет рүү татах зорилготой ажээ. Пирамидын өлгий нутаг бол энэ өвчнийг анагаах тал дээр ихээхэн амжилтанд хүрсэн улс юм. Энэ оны 1 дүгээр сарын байдлаар 942 өвчтөнд эмчилгээ хийсэн нь амжилттай болсон байна. 

С гепатит Египетийн хүн амын дунд өргөн тархсан өвчлөл юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, хэдэн жилийн өмнө тус улсын эрх баригчид үнэ хямд эмийг олноор нь үйлдвэрлэхээс аргагүйд хүрч байсан юм. Тус улсын олон арван эмийн компаниуд АНУ-д патентлагдсан шинэ үеийн вирусын эсрэг Sovaldi эмийг үйлдвэрлэх болжээ.

Үүнээс жилийн өмнө Египет улс 2 дахь үеийн бэлдмэлийг хамтран үйлдвэрлэх гэрээг Энэтхэгтэй байгуулсан бөгөөд уг бэлдмэл нь Египетийн эмийн сангуудад 200 доллароор зарагддаг байна. Харин гадаад орнуудад үүнээс хэд дахин өндөр үнэтэй байдаг аж.

С гепатитыг эмчлэх эм үйлдвэрлэгч Америкийн пүүстэй байгуулсан гэрээнд зааснаар, Египетэд үйлдвэрлэсэн эм бэлдмэлийг экспортлохыг хориглосон ажээ. Үүний сацуу, С гепатиттай тэмцэх зорилгоор улсаас зарласан хөтөлбөрийн дагуу Египетийн Эрүүл мэндийн яам эдгээр эмүүдийг дотоодын үйлдвэрлэгчээс 90 хувийн хөнгөлөлттэй үнээр авдаг ба ингэснээр аль болох олон тооны өвчтөнийг эмчилгээнд хамруулах боломжтой болж байна. Үүний сацуу, хямд үнээр С гепатитыг эмчлэх боломжтой болсноор гадаад орнуудын өвчтөнүүд Египетэд олноороо ирэх болсон байна.

2022 он гэхэд С гепатитыг устгана

Египетчүүд олсон амжилтандаа тулгуурлан 2022 он гэхэд улс орондоо С гепатитыг бүрмөсөн устгана гэсэн маш том зорилтыг тавьж байна. Улмаар дэлхий даяар уг өвчнөөр шаналж буй хэдэн зуун мянган хүнд туслахаар төлөвлөжээ. 

О.Барс

 

Холбоотой мэдээ