Завханчууд цагаан сараар дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-24 14:04:39

Завхан /МОНЦАМЭ/. Завханы гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид цагаан сартай холбогдуулан бүтээгдэхүүндээ хямдрал зарлаад байна.

Завхан аймаг дотооддоо үйлдвэрлэж дотооддоо хэрэглэх уриалгыг бодлогоор гаргаж аймгийнхаа үйлдвэрлэгчдийг олон талаар дэмжин ажиллаж байгаа ажээ.  Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч санал гарган томоохон тэмдэглэлт баяр ёслолын үеэр аймгийнхаа худалдан авагч хэрэглэгчдэд зориулан бүтээгдэхүүндээ хямдрал зарлаад буй юм. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Завхандаа үйлдвэрлэсэн хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнүүд даруй 30-50 хувь хямдаар худалдаалагдаж байна. Хямдрал зарласнаар Завханчуудын худалдан авалт ч сайжирч байна. Мөн 1000 гаран км-ийн холоос тээвэрлэсэн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг худалдаж авахаас илүүтэй аймгагтаа үйлдвэрлэсэн хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол их байна. Дотоодын үйлдвэрлэлээ аймгаас иймэрхүү байдлаар бодлогоор дэмжиж хэрэглэгчид маань ус нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд сурчихвал аймгийн хөгжилд хэрэгтэй юм хэмээн худалдаачид хэлж байна. Түүнчлэн энэ хямдралтай худалдаанд сүү, цагаан идээ, тавгын ааруул, банш, бууз зарагдаж байна.

Завханд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл тэргүүлж байна

Завханы 100 гаруй бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаар аймагтаа таван салбарыг дэмжиж хөгжүүлбэл аймгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулана гэж үзжээ. 

Тухайлбал мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,  хөнгөн үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээ буюу байгалийн үзэсгэлэнт газруудыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн нийт 14 үйлдвэрлэлийг хөгжих боломжтой гэжээ.  Харин хөгжих боломжтой ЖДҮ-дээр хамгийн түрүүн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг харьцангуй болон өрсөлдөхүйц давуу талтай гэж үзсэн байна. Өнөөдөр Завхан аймагт дотоодын нийт бүтээгдэхүүний эхний эгнээнд гурилан болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, модны хаягдал үртэс боловсруулах, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, улаан хальст сармис, нарийн ногооны үйлдвэрлэл, зөөлөн оёдлын үйлдвэрлэл тэргүүлж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ