“Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төсөл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-24 15:56:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хоёр дахь шатны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

Энэхүү гэрээнд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пасcон, төслийн удирдагч Др.Франк Вүллкопф нар гарын үсэг гурав.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ нь  Монгол Улсын БСШУЯ болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны "Хамтарсан мэдэгдэл", БСШУЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд 2013 онд байгуулагдсан. 

Энэ хүрээнд сургууль байгуулах, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг төлөвшүүлэн сургалтад шаардлагатай ном, сурах бичиг болон лабораторийн зарим тоног төхөөрөмжөөр ханган МГТИС-ийн менежмент, маркетингийн үйл ажиллагаа болон логистикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, төслийн санхүүжилтээр тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийн, улмаар  өнгөрөгч 2016 оны 6 дугаар сард амжилттай хэрэгжжээ. 

Тэгвэл хоёр дахь шатны гэрээг МГТИС-ийн бие даасан тогтвортой хөгжлийг хангах, чанарын хяналтыг сайжруулах, цаашид судалгааны их сургууль болгон хөгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 Ингэснээр тус сургууль  нь Европын стандартад нийцсэн инженерийн боловсон хүчнийг Монголд бэлтгэдэг хүний нөөцийн болон дэд бүтцийн цогц cистем бүхий судалгааны их сургуулийн болон хөгжих суурь тавигдах юм.

Тус сургууль нь уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт дутагдалтай байгаа олон улсын түвшинд ажиллах чадвар бүхий инженерүүдийг бэлтгэхийн зэрэгцээ хэрэглээний судалгааг хөгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил болон дээд боловсролын салбарын шинэчлэлд бодит хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ