Ц.Элбэгдорж: Гал тахиа жил монгол түмэнд ээлээ улам их өгөх болтугай

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-27 11:05:51

Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордноос нийт ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Хуучин он маань алсарч, шинэ жил гарч байна. Гарч буй гал тахиа жил өвөрмөц, түмэн олонд маань буян хишгээ хайрласан жил байх нь хэмээн бодож байна. Жил бүр өөр өөрийн онцлогтой байдаг.

Гал тахиа жилийн хувьд хөдөлмөрлөсөн хичээсэн бүх хүнд ээл ивээлээ өгдөг жил хэмээн ахмадууд маань ярьж байна. Уудам монгол орны маань газар бүрт цагаан сараа тэмдэглэж, билэгтэй сайхан үг ярьж байгаа Монгол Улсын нийт иргэддээ Гал тахиа жилийн халуун мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөн дэлхийн даяар олон монголчууд цагаан сараа тэмдэглэж байгаа. Дэлхий дүүрэн цагаан сараа тэмдэглэж буй монгол зон олондоо Гал тахиа жилийн мэндийг хүргэж, аз хийморь ерөөе.

Гал тахиа жил монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай гэж ерөөе. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ