Элэгний В, С вирусын эсрэг эмийн эмчилгээнд 130 гаруй хүн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд элэгний С вирусын эмийг бүртгэлтэй 187 хүнээс 83, В вирусын эмийг бүртгэлтэй 83 хүнээс 55 гээд нийт 130 гаруй өвчтөн вирусын эсрэг эмийн эмчилгээнд хамрагдажээ. Эмийн эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн хувьд үр дүн маш сайн байгаа гэдгийг эмчлэгч эмч нь хэлж байна.
“ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр олгож буй элэгний В, С вирусын эсрэг эмийн эмчилгээнд хамрагдах хүний тоо урьд жилүүдээс өссөн. Одоогоор 130 гаруй хүн албан ёсны бүртгэлтэйгээр эмээ ууж хэрэглэж байна. Эмийг хэрэглэж эхэлсэнээс хойш С вирустэй хэд хэдэн хүний вирус нь бүрэн устаж үгүй болсон. Харин В вирустэй хүмүүсийн вирусынх нь идэвхжил нь буурсан. Эмчилгээний үр дүн 97-100 хувь гэж ойлгож болно. Иргэд маань ч өөрсдөө сэтгэл санаа маш хангалуун сайхан байгаа. Элэгний С вирустэй хүмүүс эмчийн заавар жорын дагуу 3-6 сар ууж хэрэглэх бол, В вирустэй хүмүүс вирус нь багасаж, үгүй болсон ч насан туршдаа ууж хэрэглэх заалттай. Эмийн тухайд харвони, ледвир, ледифост, верпас гэсэн дөрвөн төрөл байгаа. Эдгээрээс сонголтоо хийн ЭМД-аас 210 мянган төгрөг хөнгөлүүлсэнээр авч хэрэглэх боломжтой..." хэмээн АНЭ-ийн дортын зөвлөх эмч Д. Оюунсүрэн хэллээ.
Элэгний В,С вирусын эмийн жор бичих эрхтэй эмч Сүхбаатар аймгийн хэмжээнд хоёр бий. Аймгийн төвийн иргэдэд тус жорыг АНЭ-ийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, дотрын зөвлөх эмч Д.Оюунсүрэн олгодог бол, хөдөө орон нутгийн иргэдэд Халдвартын их эмч н. Мөнхгэрэл олгож байна.
Т. Одончимэг
.