Цэцэрлэг сумын малын хорогдол нэмэгдсээр 7000 давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүлтэй, зарим нутгаар цас их орж 60-аас дээш см болсон учраас мал бэлчээрлэх болмжгүйд хүрч малын хорогдол нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар малын хорогдол 7000 гаруй болсон бөгөөд унаа машин очиж чадахгүй байгаа газруудад өвөлжиж буй малчдад тусламж хүргүүлэх боломжгүй байгаа гэнэ.
Малчид иргэд өнгөрсөн зун хадлан тэжээлийг хангалттай бэлтгэж авсан өөрсдийн нөөцийг бүрэн дууссан гэнэ. Хорогдож буй малын зонхилох нь бог тэр дундаа борлон болон төлөг илүү их байгаа бөгөөд сумын нөөц, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс ирсэн тусламж дэмжлэгийн хүчээр хаврын сартай золголоо гэдгийг малчид хэлж байлаа. Тус сум нь далайн түвшнээс 1800 метрт өргөгдсөн Сибирийн уур амьсгалтай эрс тэс уур амьсгалтай учраас 5 сарын 15 гэж цас хайлдаг байна.
Өнгөрсөн оны 10 сард орсон цас хайлж хөрсөн дээр 5-аас дээш см мөстсөн учраас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй, нөөцөлсөн өвс тэжээлээ бүрэн дууссан учраас цаашид ч хорогдол нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Б.Гантуяа