БОНХАЖ-ын сайд “1 гишүүн 1 хавх” аянд хамтрахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 13:51:46

Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухай БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт захидал хүргүүлжээ.

Захидлын хариуд сайд Н.Батцэрэг дээрх клубын сурагчдыг дэмжиж 10 дугаар сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” аяныг орон даяар явуулахад хамтран ажиллахаар болжээ.

Клубын сурагчидтай утсаар холбогдож цаашид хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцахаар тохиролцсон юм.

Сайд Ховд аймгийн Манхан сумын клубын хүүхдүүдэд БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, ирээдүйн байгаль хамгаалагч нарт зориулсан олон сонирхолтой гарын бэлгээр шагнахаар болсон.  

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний 4-р чуулганд оролцохоор ирсэн Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн дарга Д.Чинбатаар дамжуулж бэлгээ илгээжээ.

Сурагчдад БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, сургуулийнх нь номын санд 23 нэр төрлийн хоёр хайрцаг ном, видео хичээл, яамны лого бүхий малгай цамц зэрэг бэлгийг хүлээлгэн өгчээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ