Төрийн албан хаагчдад монгол бичгийн сургалт явуулж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-17 11:35:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал  төрийн албан хаагчдад үндэсний монгол бичиг зааж сургах  захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу сумын баг, байгууллагуудын албан хаагч бүрт монгол бичгийн сургалтыг нэг, хоёр, дөрөвдүгээр улирлын сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Засаг даргын захирамж гарснаас хойш ”Эх хэл бичиг-бидний өв соёл” монгол бичгийн сургалтыг сумын 93 төрийн албан хаагчдад хоёр удаа зохион байгуулжээ.

Монгол бичгийн сургалтыг  сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Т.Ариунцэнгэл зааж буй бөгөөд үсэг нүдлүүлж,  уншиж, бичиж сургах зорилго тавьсан аж.

Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт монгол бичгийг сэргээн дэлгэрүүлэх, сургаж өвлүүлэх, монгол бичгийн заах арга зүй, цахим хэрэглээг төлөвшүүлэх  заалтыг тэргүүлэх зорилт болгон тусгасан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ