БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгч сайн дураараа цусаа хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийсэн БНСУ-ын Кёнги аймгийн хурал дахь “Кёнги-Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлэг”-ийн дарга Ян Кён Сү тэргүүтэй БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчдийн айлчлал гурван хоног үргэлжилж Хонгор сумын малчин айлаар зочилсноор өндөрлөв.
Зочин төлөөлөгчид эхний өдөр аймгийн Засаг даргатай ажил хэргийн уулзалт хийсэн бол Дархан хот дахь ХААИС-д зочилж сургалтын явцтай танилцаад тус сургуультай цаашид хамтарч ажиллах чиглэлээ тодорхойллоо. Кёнги аймгийн ХААИС нь ХАА, байгаль хамгаалал, экологи, ус цаг уур орчны шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир тус сургуультай хамтран ажиллахаар болж үүний тулд Кёнги мужийн тариалан бүхий аж ахуйн нэгж, хүлэмжийн аж ахуйнуудад оюутны дадлага хийлгэх боломжийг судлах. Номын сангийн үйл ажиллагааны чиглэлээр, оюутны дадлагын талбайн техник шинэчлэлтэд тус улсын бага оврын техник, технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Мөн усны барилга байгууламж, үр судлал, хөрс, агрохимийн чиглэлийн лаборатори байгуулахад хамтрах саналтай байгаагаа тус сургуулийн захирал З.Нэргүй танилцуулж харилцан судлахаар болсон юм.
Дараа нь тус төлөөлөгчид “Од” цогцолбор сургуулийн “Ухаалаг-анги”-тай танилцлаа. Дархан-Уул аймаг БНСУ-ын Кёнги аймагтай 2014 онд “Найрамдалт харилцааны санамж бичиг” байгуулсан цагаас хойш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж Кёнги аймгаас тус сургуулийн “Ухаалаг-анги”-ийг тохижуулж өгсөн. Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Доксон Эмэгтэйчүүдийн их сургууль” болон “Самсунг Электроникc компани”-ийн хандиваар байгуулагдсан уг ангид 30 гаруй хүүхэд нэгэн зэрэг хичээллэх боломжтой болжээ. Цаашид “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Мультимедиа сургууль” болох зорилт дэвшүүлсэнээ сургуулийн удирдлагууд танилцуулав. Тус сургуулийн төгсөх ангийн 23-н хүүхэд өөрсдийн сонирхлоор Солонгос хэлийг тус танхимаар дамжуулах суралцаж байгаа юм байна. Төлөөлөгчид тэндээс аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ирж тус эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний үйл явцтай танилцав. БНСУ-ын Кёнги аймаг, Дархан-Уул аймаг өмнө нь “Найрамдалт харилцааны санамж бичиг” байгуулснаар тус Нэгдсэн Эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн гурван автомашиныг хүлээлгэн өгч байжээ. Ингэснээр иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээ илүү ойртож чадсан гэдгийг тус эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга танилцуулаад “Цаашид MRI аппарат, Компьютерийн томографийн аппарат, Ходоод гэдэсний дурангийн иж бүрэн аппарат, 4D ЭХО аппарат нэн шаардлагатай байна” гэв. Мөн энэ үеэр БНСУ-ын Кёнги аймгийн Найрамдлын бүлгийн гишүүн ноён Им Чэ Ху цусны төвд ирж сайн дураар цусаа хандивласан юм. Ийнхүү БНСУ-ын Кёнги аймгийн “Найрамдлын бүлэг”-ийн төлөөлөгчид тус аймагт хийсэн гурван хоногийн ажлын айлчлал өндөрлөв.
Б.Норовсамбуу