Монголоос хууль бусаар хил давуулсан динозаврын чулуужсан яснуудыг Өмнөд Солонгос буцааж өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-04-10 07:38:32

СӨҮЛ./Yonhap/. Монголоос хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг Өмнөд Солонгос Монголын талд буцааж өглөө.

2014 оны тавдугаар сард Монголын нэг, Өмнөд Солонгосын хоёр иргэн чулуужсан яснуудыг хууль бусаар хил давуулсан байна. Эдгээр ясыг Монголын талд буцааж өгөх ёслол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Өмнөд Солонгосын Ерөнхий Прокурорын газарт /ЕПГ/ болжээ.

ЕПГ-ын мэдэгдсэнээр, чулуужсан яснуудын дунд зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс л олддог Тарбозавр батаар, Протоцератопсын яс болон үлэг гүрвэлийн өндөгнүүд байгаа аж.

Өмнөд Солонгосын Засгийн газар гадаад улсын соёлын өвийг тухайн улсад нь буцааж өгсөн анхны тохиолдол нь энэ юм.

Монголын Засгийн газар Сөүлд талархал илэрхийлэхийн сацуу олдворуудыг Өмнөд Солонгост удаан хугацаагаар түрээслүүлэх санал тавьжээ.

Өмнөд Солонгосын ЕПГ-ын албаны хүн хэлэхдээ “чулуужсан яснуудыг хаана, хэр удаан хугацаагаар байлгахыг удахгүй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан шийдвэрлэх болно” гэв.

/http://english.yonhapnews.co.kr/search1/2603000000.html?cid=AEN20170407009500315/

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ