Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах тогтоол өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-11 13:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарын гишүүд өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тогтоолын төсөл боловсруулжээ.

Тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсад 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 10 мянга нь хүүхэд аж. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 70, 25, 29 болон 116 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь судалжээ. Уг судалгаандаа тулгуурлан тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Ц.Цогзолмаа гишүүн мэдээлэв.

Тэрбээр, “Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд брайль ном, дэвтэр олгох зэргээр тусгай сургалтын орчинг тохижуулах, тусгай сургуулиудын нийт 283 багшийн цалинг энгийн ЕБС-ын багшаас 50 хувиар илүү тогтоох асуудлыг тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аав, эсхүл ээж нь хардаг тул өрх санхүүгийн бэрхшээлтэй байдаг. Тиймээс тэдэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Сүүлийн 25 жилийн хугацаанд төрийн захиалгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичээл заах боловсон хүчин бэлдэж байгаагүй. Багш нар сайн дураараа гадаадад явж, мэргэжил эзэмшдэг. Тиймээс одоо ажиллаж байгаа багш нарыг гадаадад сургах, мэргэжил дээшлүүлэхэд нь анхаарахаар тусгасан” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ