Архидан согтуурагч иргэдийг бүртгэлжүүлж албадан ажил хийлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-16 13:22:55
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээгээр оны эхний гуравдугаар сард 185 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 60 хүн гэмтэж, 12 хүн нас барчээ.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 18.6 хувь буюу 29-өөр нэмэгдсэн, гэмтсэн хүний тоо 9.1 хувиар, нас барсан хүний тоо 5 дахин нэмэгдсэн  аж. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 63 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.9 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс Даланжаргалан, Дэлгэрэх, Улаанбадрах, Сайншанд сумдад буурч, Айраг, Мандах, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Замын-Үүд сумдад нэмэгдэж, Алтанширээ, Иххэт, Сайхандулаан сумдад өмнө онтой адил байгаа аж.
Архидан согтуурч буйгаас үүдсэн гэмт хэрэг өссөн  дүнтэй байгааг үндэслэж  Дорноговь аймгийн Цагдаагийн газраас Сайншанд сумын гудамж талбайд хэсэг бүлгээрээ нийлж  байнга архидан согтуурдаг иргэдийг бүртгэж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын 09-ний байдлаар 35 иргэнийг бүртгэн саатуулж, цагдаагийн байгууллагын цахим бүртгэлд оруулж, албадан ажлыг хийлгэж эхэлжээ.
Архидан согтуурагч  иргэд нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ