Дуучин Принцийн гэрээс мансууруулах бодисын найрлагатай өвчин намдаагч олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-04-18 12:48:55
НЬЮ-ЙОРК. /BBC/. Өнгөрсөн онд нас барсан Америкийн дуучин Принцийн гэрээс олон тооны мансууруулах бодисын найрлагатай өвчин намдаагч эмнүүд олдсон гэж шүүхээс гаргасан мэдэгдэлд дурджээ.
 
Миннесота дахь Принцийн "Paisley Park" эдлэн газарт түүний найз болон бие хамгаалагчийн нэр дээр худалдан авсан өвчин намдаагч эмнүүд байсан байна.
 
Эм зүйчдийн хийсэн дүгнэлтээр, 57 настай дуучны үхэлд хэн нэгэн буруугүй бөгөөд санамсаргүйгээр эмийн тунг хэтрүүлснээс болж амиа алджээ.
 
Шүүхийн дүгнэлтүүдийг өнгөрсөн ням гарагийг хүртэл битүүмжилсэн байсан бөгөөд прокурорууд хэргийн баримтууд алга болохоос сэргийлэн ийм арга хэмжээ авсан байна.
 
Дуучны гэрээс олдсон эмний зарим нь "Ватсон 853" гэдэг нэртэй халуун бууруулах, өвчин намдаах үйлчилгээтэй эм байжээ. Эдгээр эмнүүдийг үе мөчний өвчин болон ханиад хүрэхэд уудаг байна.
 
Мөн шүүхийн дүгнэлтэд дурдсанаар, дуучны гэрээс витамин болон янз бүрийн саванд хийсэн олон тооны хар тамхины хольцтой бодисууд олдсон аж.
 
Задлан шинжилгээний дүгнэлтээр, фентанил нь ердийн героиноос хэд дахин хүчтэй нөлөөлсөн байна.
 
Түүнийг гэрийнхээ цахилгаан шатан дотор ухаангүй байхад нь  2016 оны 4 дүгээр сарын 21-нд олсон билээ.
 
Дуучин Принц 7 настайдаа анхны дуугаа зохиожээ. Тэрбээр дуучин, ая зохиогч, олон төрлийн хөгжмийн зэмсгээр тоглодог уран бүтээлч байсан бөгөөд 30 гаруй цомог гаргажээ. Түүний Let's Go Crazy болон When Doves Cry дуунууд нь хит болж байлаа.

Х.Сарнай 
 
 
Холбоотой мэдээ