Соёлын бодлогоо баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-18 15:54:30
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг соёлын бренд бүтээгдэхүүнийг бий болгож, улсын хэмжээнд орон нутгийн соёлын үзүүлэлтээр тэргүүлэгчийн эгнээнд шилжихээр соёлын бодлого гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
Аймгийн ИТХ-аас баталсан соёлын бодлогод үндэсний өв уламжлалаа хадгалах, хамгаалах замаар өвлөн уламжлуулах, аймгийн хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, соёлын үйл ажиллагаанд хувь хүн, төрийн болоод төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үе, иргэдийг соён гэгээрүүлэх зорилгыг тусгажээ.
2020 он хүртэл хэрэгжүүлэх бодлогод соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа, менежмент сайжирч, хүн ам үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн соёлын онцлогийг тодорхойлон сурталчлах зэрэг арга хэмжээ авах юм байна.
Соёлын салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангах бодлогыг ирэх 3 жилд баримтлахаар боллоо. Соёлын салбарын хүний нөөцийн бодлого алдагдснаас 2016 оны байдлаар аймгийн Хөгжимт, жүжгийн театрын мэргэжилтэй боловсон хүчний хангамж 28,8 хувь байгаагаас гадна сумын соёлын төвийн ажиллагсдын 52,6 хувь нь дээд боловсролтой соёл, урлагийн салбарын мэргэжилтэн байна.
Тус аймагт соёлын салбарын мэргэжилтэй боловсон хүчний хангалт дутмаг, үйлчилгээ дутагдалтай, материаллаг баазын чанар, хүртээмж хангалтгүй байгаа учраас соёлын бодлого гаргаж хэрэгжүүлэхээр болсон байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ