Түнштэйгээ харилцан гэрээлсний дараа мах боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-18 16:21:21
Дорноговь / МОНЦАМЭ/.Энэ сарын 17-нд  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Дорноговь аймагт ажиллалаа. Тэрээр Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн чиглэлээр тусгасан  зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн нөхцөл байдал,  зэх зээл,  үндсэн чиг үүрэг бүхий аймгуудын ХХААГ-ын ажил үйлчилгээ, боловсон хүчний нөөц,  ажлын уялдаа холбоо ямархуу байгааг газар дээр нь үзэж танилцаж байгаа аж.

Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны зарим аймаг хошуугаар явж мал мах боловруулах үйлдвэр, өвс хадлан тэжээл, мах экспорлох  боломж зэрэг хөдөө аж ахуй чиглэлийн ажил  байдлыг үзэж сонирхсон байна.

Засгийн газраас Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтыг дэвшүүлж “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Мах сүүний анхдугаар аян” “Атрын III аян” “Үйлдвэржилт-21/100 ”зэрэг томоохон хөтөлбөр, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

Харин дээрх томоохон ажлыг улс даяар хэрэгжүүлэхэд аймаг, орон нутаг хийгээд үндсэн чиг үүргийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, нэгдсэн зорилго хамгийн чухал байгаа аж. Учир нь зарим аймгийнхан, хөдөө аж ахуйн салбарынхан Засгийн газрын бодлого зорилттой огт нийцэхгүй өөр өөр ажлыг төлөвлөлтгүйгээр  дур мэдэн зохион байгуулдаг байдал бий болжээ. Тус бүртээ олон толгойтой болсон учир ажилд нь ахиц гардаггүй байна. Дорноговь аймгийн хувьд хийж хэрэгжүүлж  буй ажил нь Засгийн газрын  бодлого зорилттой нийцэж байгаа нь сайшаалтай гэж салбарын сайд онцлов.

Салбарын сайдын хэлснээр  бүх аймгийн  үйлдвэржилтийн зураглалыг  гаргажээ. Дэд бүтэц, түүхий эд, боловсон хүчний нөөц, зах зээлийг харгалзан үзэж аль аймагт ямар үйлдвэр барих, ямархуу чиглэлийг хөгжүүлэх боломжийг тооцоолж Засгийн газрын хуралдаанаар батлуулах аж.

Монгол Улсын зүүн өмнөд хилийн 1.7 сая малтай Дорноговь аймгийн хувьд хилийн бүсээ, хөдөө аж ахуйн нөхөн үрждэг баялагаа түшиглээд хөгжих ихээхэн боломж байгааг сайд онцлов. Ялангуяа үйлдвэржилтийн бодлого, “Мах сүүний аян”, “Атрын III аян” гэх бодлого зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрт тодорхой  ажлын чиглэлийг тусгах боломжтой аж.

Дорноговь аймгийн Засаг даргаас тус бүс нутагт мах боловсруулах үйлдвэр барих, Ханги хилийн боомтоор мал экспортлох, Дэлгэрэх сумын улаан ямааг омгоор баталгаажуулах,  газар тариалангийн чиглэлээр  цогцолбор хүлэмжтэй болох, Хадлангийн салааг дэмжих зэрэг цөөнгүй санал хүсэлтийг уламжилсан юм.
Хариуд нь П.Сэргэлэн сайд, Засгийн газар борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.  Мах, сүүгээ хаана, хэрхэн яаж борлуулах вэ гэдэг зураглалыг гаргаж, борлуулах түнштэйгээ харилцан гэрээлсний дараа мах боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй. Тэгэхээр Дорноговь аймгийн хувьд яг одоогийн түвшинд мах боловсруулах үйлдвэр барих нь хараахан эрт гэв.  
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ