Аргентинд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-26 15:39:57

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс нэг нь ч сонгогчдоос заавал авах ёстой саналыг авч чадаагүй учраас тус улсад хоёр дахь шатны сонгуулийг явуулахаар болжээ.  

Аргентины Сонгуулийн төв хорооны саналын хуудсын 90.6 хувийг тоолсны дараах байдлаар, Сциолигийн төлөө сонгогчдын 36.2 хувь нь саналаа өгсөн бол сөрөг хүчний консерватив “Бүгд найрамдах санал” намаас нэр дэвшигч Маурисио Макри 34.9 хувийн санал авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялахын тулд сонгогчдын 45 гаруй хувийн эсвэл ойрын өрсөлдөгчийнхөө авсан саналаас 10 хувиар илүү нөхцөлд 40 хувийн санал авсан байх ёстой юм. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг Аргентинд 11 дүгээр сарын 22-нд явуулахаар болжээ.

Сөрөг хүчний “Шинэчлэлийн фронт” намаас нэр дэвшсэн Серхио Массуд сонгогчдын 21.2 хувь нь саналаа өгсөн байна.

Аргентинд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ням гарагт болсон юм. Ирэх дөрвөн жилд улс орныг тэргүүлэх төрийн тэргүүнээс гадна, дэд Ерөнхийлөгч болон 11 мужийн захирагчийг сонгосон байна. Түүнчлэн Өмнөд Америкийн нэгдсэн парламент болох МЕРКОСУР-т Аргентиныг төлөөлөн суух 43 хүнийг болон 24 сенатч, 130 депутатыг сонгожээ.

Сонгуулийн ирц 79 хувьтай байсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ