О.Мөнхтуяа: Орон нутагт хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагдахгүй байгаа гэж иргэн хүнийхээ хувьд үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-03 17:41:29
Архангай /МОНЦАМЭ/.  Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Ярилцлагаа яагаад сэтгүүлч хүнээс аваагүй юм бол гэж бодож, асуух нэгэн байгаа байх. Мэдээлэл авах, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, гүүр болох гэдэг нь зөвхөн сэтгүүлчдийнх биш юм. Иргэн танд ч энэ эрхүүд бүрэн бий.
 
Өнөөдрийн тухайд хэвлэлийн эрх чөлөө гэдгийг өөр салбарын хүмүүс ямар өнцгөөс хардаг, тэдэнд ямар нөлөөлөл үзүүлдэг, аймаг орон нутагт хэвлэлийн эрх чөлөө ямар хэмжээнд байдаг, мэдээлэл авах эрх нь хэр нээлттэй байдаг тухай хэрхэн боддогийг нэг хүний үзэл бодлоор ч болсон гаргахыг хичээлээ.
 
Өнөөдрийн ярилцлагадаа аймгийн номын сан мэдээллийн төвийн дарга О.Мөнхтуяаг урьсан юм.
 
Юуны өмнө танд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.
 
- Баярлалаа. Чамд болон бусад хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж нийт сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэе.
 
Баярлалаа. Хоёулаа ярилцлагаа шууд эхлэе дээ. Таныхаар хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ?
 
- Миний хувьд хэвлэлийн эрх чөлөө гэж иргэн хүний үнэн бодит мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг бүрэн хангасан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын бие даасан байдлыг дэмжсэн эрх зүйн актуудыг боловсруулан гаргаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг хэлнэ гэж ойлгож байна.
 
Хэвлэлийн эрх чөлөө аймаг орон нутагт хэр хангагддаг юм болоо? Яавал хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагдана гэж бодож байна вэ?
 
- Ер нь бол орон нутгийн хувьд хэвлэлийн эрх чөлөө бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй байгаа гэж иргэн хүнийхээ хувьд үздэг. Учир нь орон нутагт хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага цөөн, өрсөлдөх чадвар дутагдалтай, боловсон хүчний нөөц, чадавх хангалтгүй гэх мэт маш олон шалтгаануудаас хамааралтай байдаг болов уу гэж боддог. Мэдээж Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг олон хууль эрхзүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг Энэ хууль эрх зүйн актуудаа хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүнд ажиллаж байгаа сэтгүүлчид, төрийн байгууллагууд маань үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж чадвал хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагдана гэж үзэж байна.
 
Харин мэдээлэл олж авах эрх тань хэр бүрдсэн байна вэ? Хүссэн мэдээллээ та авч чаддаг уу?
 
- Ер нь мэдээллийг их олон сувгаар авч байгаа шүү дээ. Хамгийн гол нь авч байгаа мэдээлэл маань үнэн бодиттой эсэхэд эргэлзээтэй байгаад байдаг. Миний хувьд зарим нэг шаардлагатай мэдээллээ төрийн байгууллагуудаас авахад жаахан хүндрэлтэй байдаг. Зүгээр нийтийг хамарсан мэдээллүүдийг ямар ч хэлбэрээр авах боломжтой болсон байна.
 
-  Сэтгүүлчдийн ажлыг хөндлөнгөөс харахад таны бодол?
 
- Сэтгүүлчид маань нэлээд хүнд нөхцөлд ажилладаг юм шиг санагддаг. Ажиллах нөхцөл боломж, ачаалал гээд олон зүйл ажиглагддаг шүү. Манай улсын хувьд сэтгүүлчдийн эрх ашиг, хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, тэднийг үнэн бодит мэдээлэл хүргэхэд шаардлагатай нөхцөл бололцоогоор хангах тал дээр учир дутагдалтай байна л  гэж бодож явдаг. Сэтгүүлчдээр дамжуулж иргэд олон талын мэдээллийг авдаг шүү дээ.   
 
-  Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй гэдэг нь ямар зүйл дээр илүү тод харагдах ёстой юм гэж та үздэг вэ?
 
 - Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй нь тэдний нийтэд хүргэж байгаа мэдээлэл үнэн бодит байдлыг хангасан, өөрсдийн бичсэн мэдээлэлдээ хариуцлага хүлээх чадвартай, аливаа нэг хувь хүний болон байгууллагын эрх ашгийг хамгаалсан биш нийтийн эрх ашгийг хамгаалсан олон нийтэд эерэг хандлага төрүүлсэн мэдээллүүдийг хүргэхэд л бичсэн зүйлээс нь байнга харагдаж байх ёстой байх.
 
-  Хэвлэлийн эрх чөлөөний тухай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэнд баярлалаа?
 
 - Баярлалаа. Сэтгүүлч та бүхний минь үг нь үнэн, үзэг нь хурц байхын ерөөлийг дэвшүүлж, ажлын амжилт хүсье.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ