Казахстаны хүндийг өргөгчдийн тэмцээнд оролцох эрхийг хасчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Олон улсын хүнд атлетикийн холбоо /IWF/ сэргээшийн шинжилгээний сорьцонд нь хориотой бэлдмэлийн ул мөр илэрсэн Казахстаны гурван хүндийг өргөгчдөд арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээллээ.
IWF-ийн Сахилгын комиссын шийдвэрээр Майя Манеза, Зульфия Чиншанло нарын тэмцээнд оролцох эрхийг тус бүр хоёр жилээр хассан бол Светлана Подобедова найман жилийн хугацаанд тэмцээнд оролцохгүй юм.
Эрхийг хасах тухай шийдвэр нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс буюу Лондонгийн Олимпын үеэр авсан сэргээшийн шинжилгээний сорьцыг дахин шалгаж, зөрчил илэрсэн тэр өдрөөс эхлэн үйлчлэх юм.
Казахстан улсын хүнд атлетикийн холбооны дэмжлэгтэйгээр дээрх тамирчид олимпын бус цол, шагналуудаа хураалгалгүй үлдэж чаджээ. Чиншанло /-53кг/, Манеза /-63кг/, Подобедова /-75 кг/ нар өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпын алтан медалиудаа хураалгаад байсан юм.
О.Барс